
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Ш.Батбаяр буюу Баавар гуравдугаар сарын 23-нд 35 хувийн түлэгдэлттэй Түлэнхийн төвд хүргэгдсэн. Гал хаанаас гарсан талаар хүн бүр өөрсдийн байр суурийг илэрхийлж байсан. Цагдан хорих төвийнхөн Бааварыг өөрийгөө шатаасан хэмээн тайлбарласан бол Баавар гэрлийн утаснаас гал авалцсан гэсэн юм.
Харин галын шалтгааныг шинжээчид тогтоосон байна. Дүгнэлтэд “Тус өрөөнд гарсан галын байдал, шаталтын явц зэргээс үзэхэд ил галын улмаас гал түймэр гарсан байна /Ил гал гэдэгт лаа, зул, бамбар, тамхи, чүдэнзний болон халуун цогтой үнс нурам, тамхины асаагуурын гал зэрэг орно.
Мөн галын голомт нь тус өрөөний баруун урд буланд байсан орны толгойн орчимд болон хананы хэсэгт байжээ. Уг камерийн өрөөнд байсан гэрэлтүүлэг болон хяналтын камер, утааны дохиоллын системийн утаснаас оч үсэрч гал гарсан байх боломжгүй байна” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, хорих өрөөнд гарсан гал түймэр нь хүний үйл ажиллагааны нөлөөнөөс үүдэлтэй хэмээн тогтоожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ