Шакил О'Нилийн дугаарыг мөнхлөнө

img

  Лос Анжелес Лейкерс баг маргааш хуучин төвийн тоглогч Шакил О'Нилийн дугаарыг мөнхлөхөөр болсон билээ. Тэрбээр Лейкерс багтай гурван удаа Үндэсний сагсан бөмбөгийн холбооны цомыг хүртэж байсан бөгөөд энэхүү үйл явдалд Коби Брайант сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн байна. 2003-2004 оны улирлын дараа тухайн үеийн багийн лидерүүд болох Коби Брайант, Шакил О'Нил нарын хоорондын харьцаа муудаж эхэлсэн билээ. Энэ нь ч багийн уур амьсгалд муугаар нөлөөлж хамт олны амжилтаас доош татах сөрөг үр дагавартай байсан тул Лейкерсийн удирдлагууд аль нэг тоглогчийг сонгохоос өөр арга зам үлдээгүй юм. Ингээд багийн эзэн Доктор Жерри Басс ирээдүйтэй залуу тоглогч Коби Бийн Брайантыг сонгосон. Уг сонголт сүүлд зөв шийдвэр байсан нь нотлогдож хоёр ч аваргын цомыг багтаа авчирсан билээ. Энэхүү үйл явдлаас есөн жилийн дараа ийнхүү багийн бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг тоглогч нарын нэг "Супермэн", "Дизель", "Шакович", "Шак" гэх мэт олон хочтой Шакилын 34 дугаарыг мөнхлөхөөр болсон байна. Нэгэн цагт хамтдаа аваргын цомыг өргөж явсан Коби Брайант энэ үйл явдалд баяртай байгаагаа мэдэгдсэн юм. Тэрбээр "Бидний хоорондын харилцаа хамаагүй дээрдсэн. Бид бие биенээ ижилхэн хүндэлдэг" гэж хэлсэн байна. н.Цогоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ