
ХАХНХЯамнаас ирэх сарын 3-нд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Энэхүү чуулганы эхлэл болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” сарын аяныг өчигдөр 21 аймаг болон нийслэлийн есөн дүүрэгт дүүрэгт эхлүүлсэн билээ. Тус аяны үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд эзлэх байр суурь, ажиллаж, амьдрах орчин нөхцөлийн сайжруулж, тэдний дуу хоолойг сонсон, санал бодлыг үндэсний чуулганаар хэлэлцэн, шийдвэрлэх юм.
Тэгвэл өнөөдөр мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой, үзэл бодлыг нийгэмд мэдрүүлэх зорилгоор ХАХНХЯ болон Сэргээн засалт, хөгжлийн Үндэсний төвөөс санаачилан “Оролцоог бодит болгоё” нэгдсэн парадыг зохион байгууллаа. Энэхүү парад Төв цэнгэлдэхээс 11.00 цагт хөдөлж, Сүхбаатарын талбайг зорисон бөгөөд “Оролцоог бодит болгоё” парадын оролцогчид хэдийгээр тэргэнцэртэй, таяг тулсан, хүнээр хөтлүүлсэн, тэврүүлсэн гээд гадна харагдах байдлаараа эрүүл, саруул хүмүүсээс ялгаатай ч хүсэл, мөрөөдөл, зорилгоороо тэдэнтэй ижил гэдгээ харуулж, замдаа таарах хүн бүртэй гараа даллан мэндчилж байлаа. Авто замын хөдөлгөөнийг нэг цагийн турш түр зогсоож, Батлан хамгаалах Их сургуулийн дэргэдэх Үлээвэр найрал хөгжмийн аянд алхах парадыг үзэж, сонирхсон иргэдийн дунд энэхүү үйл ажиллагаанд бухимдалтай хандах нэгэн цөөнгүй байсан ч дэмжиж, парадад хамтдаа оролцох иргэн илүү олон байгаа нь ажиглагдаж байсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн парадыг ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Сэргээн засалт, хөгжлийн Үндэсний төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа болон бусад албан хаагчид дэмжин оролцсон. Мөн нийслэлийн 9-н дүүргийн хэмжээнд оршин суугаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлдэг Төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 1000 гаруй иргэн оролцож, дуу хоолойгоо нэгтгэн илэрхийлсэн юм.
Түүнчлэн “Оролцоог бодит болгоё” аяныг, мөн өнөөдрийн нэгдсэн парадыг дэмжиж Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Соёл спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, НЗДТГ-ын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхсаруул, Монголын харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч М.Баясгалан, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал нар хүрэлцэн ирсэн.
Тус аяны үйл ажиллагааг ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир албан ёсоор нээж, үйл ажиллагааг орон даяар эхлүүлсэнээ мэдэгдлээ. Тэрбээр “Оролцоог бодит болгоё аяны хүрээн зохион байгуулагдаж буй энэхүү парадаар дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болсон Та бүхэн олон зүйлийг хэллээ гэж бодож байна. Тухайлбал, ганцхан цагийн хугацаанд замын хөдөлгөөнийг зогсооход иргэд хэрхэн бухимдаж байгааг харлаа. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд насан туршдаа энэ зовлон, бэрхшээлийг амсаж байгаа гэдгийг энэхүү парадаар дамжуулан ойлгууллаа. ХАХНХЯ байгуулагдсан цагаасаа хойш хүний хөгжлийн асуудлыг зорилгоо болгож, тэр дундаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн олон санал, санаачилгыг гарган хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Тиймээс бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах хэлтэс байгууллан ажиллаж байгааг дуулгахад таатай байна. “Оролцоог бодит болгоч” аян хэрэгжиж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнээ дуу хоолойг сонсох, тэдний төлөө үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах нөхцөл, боломж бүрдэх юм. Түүнчлэн орон даяар өрнөж буй бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллана” гэдгийг онцлон хэллээ.
Харин дэмжигч байгууллагуудыг төлөөлж, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Шинэчлэлийн Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд ач холбогдол өгч, олон ажил хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.
Тодруулбал, бүх аймаг, дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвүүдийг байгуулахаар болсон. Мөн УИХ-аар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа хүүхдийн нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролтой холбоотой шинэ заалтууд, зарим зохицуулалтыг хуульд оруулахаар хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг зөвхөн ХАХНХЯ дангаараа хариуцах бус, Засгийн газар, бүх яамд, төрийн байгууллагууд идэвх санаачилгатай оролцох хэрэгтэй юм” гэлээ.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Оролцоог бодит болгоё” нэгдсэн парадад оролцогчдод зориулан МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Ч.Амаржаргал, УДБЭТ-ын дэргэдэх “U-pera” хамтлаг ая дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ