
Хүүхдийн номын ордонд нэрт зохиолч, Үлгэрийн хаан Х.К.Андерсений 208 насны төрсөн өдрийн ойг тэмдэглэж байна. Түүний төрсөн өдрийг тохиолдуулан дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг Дэлхийн олон оронд Хүүхдийн Номын Баярын өдөр болгон тэмдэглэдэг юм.
Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага “Хүүхдийн Хөгжил Хамгаалал” Хөтөлбөр, Хүүхдийн Номын Ордон, Нийгмийн Түншлэлийн сүлжээ Төрийн Бус Байгууллагатай хамтран 2003 оноос эхлэн жил бүр уламжлал болгон Үлгэрийн хаан Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг тохиолдуулан номын өдрийг ийнхүү ес дэх зохион байгуулж байна.Энэ нь Хүүхэд багачуудыг дэлхийн болон Монголын зохиолчдын бүтээлүүдтэй танилцуулж, тэднийг номтой нөхөрлүүлэн, өв тэгш хүмүүжилтэй болгоход нөлөөлөх зорилготой юм. Олон улсын хүүхдийн Номын баярын арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлж байгаа бөгөөд энэ удаагийн номын баяраар Хүүхдийн Номын Ордны зөөврийн Хүүхэлдэйн театрын нээлт болж А.С.Пушкины “Алтан загас”-ны үлгэр зохиолыг хүүхэд багачууд, хурсан олонд тоглож сонирхуулсан.
Мөн Монгол ардын үлгэр, Монголын хүүхдийн зохиолчдын сэдэвлэсэн “Номын баатрууд амилсан нь” жүжигчилсэн тоглолтын уралдааныг гурван үе шаттай зарлаж, өчигдөр Хүүхдийн Номын ордонд III шатны шалгаруулалтаа дүгнэлээ. Тус уралдаанд 1000 гаруй хүүхэд идэвхтэй оролцсон. Үүнээс Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн сурагчид “Зохиолын баатрууд амилсан нь” сэдэвчилсэн тоглолтоороо тэргүүн байр эзэлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ