"Оргосон хоригдлууд хүний аминд хүрсэн гэж хэлэх боломжгүй"
Ховд аймгийн Булган сумын Бүрэнхангай багийн нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагч Д.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдэд буудуулж амь насаа алдсан хэрэг гарчээ. Уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Т.Сайнжаргал дараахь мэдээллийг өглөө.
-Цагдаагийн ажилтан амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл өгөөч?
-Бүрэнхангай багийн цагдаагийн хэлтсийн алба хаагч Д.Төмөрчөдөр тус багийн “Бүрэн” нэртэй авто сэлбэгийн дэлгүүрийн цоож эвдэрсэн байдалтай байгааг өчигдөр 23.00 цагийн үед олж илрүүлсэн юм билээ.Ингээд Хулгайн хэрэг байж болзошгүй гэж үзэн эргүүлийн гурван цагдааг хэргийн газарт дуудсан байгаа юм.Улмаар дөрвүүлээ дэлгүүр рүү дотогш нэвтрэх үед дэлгүүрийн булангаас буун дуу гарч, цагдаагийн алба хаагчийг буудаж, амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарлаа.
-Гэмт этгээдийг баривчилсан уу?
-Баривчлаагүй, одоогоор эрэн сурвалжилж байна
-Оргосон хоригдлуудыг энэ хэрэгт холбоотой гэж үзэх үндэслэл бий юү?
-Ховд аймгийн хорих ангиас оргосон хоёр хоригдлыг энэ хэрэгт холбоотой эсэхийг хэлэх мэдэхгүй байна.ЦЕГ-ын даргын тушаалаар өнөөдөр өглөө нисдэг тэрэгтэй ажлын хэсэг Ховд аймгийг зорьсон. Мөн Ховд аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Дөлбадрахаар ахлуулсан ажлын хэсэг хэргийн газарт ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ