Нээлттэй шүүх иргэдэд үйлчлэхэд бэлэн болов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Нээлттэй шүүх” төслийн нээлтийн ёслол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болов. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Цогт, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг, Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа нарын албаны хүмүүс оролцлоо. Албаны хүмүүс тууз хайчилснаар анхны загвар нээлттэй шүүх иргэдэд үйлчлэхэд бэлэн болов.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх чиглэлээр Шүүхийн тухай багц хуулийн төслийг санаачлан УИХ-аар батлуулсан. “Нээлттэй шүүх” төсөл хэрэгжиж шүүх үйл ажиллагаа ил тод болж байгаа нь маш том гайхамшиг” гэлээ.
Нээлттэй шүүхийн хүлээлгийн танхимд “Иргэн таны эрх зүйн хөтөч” гэсэн ном байрлуулжээ. Иргэд тэндээс эрх зүйн талын мэдээ, мэдээлэл олж авч болох юм. Мөн Шүүхийн тухай багц хуулийн талаар цуврал видео мэдээллийг тогтмол явуулах аж. Хэрэв хэргийн оролцогч шүүх хуралдаанаас хоцорсон, хүрэлцэн ирж амжаагүй тохиолдолд санаа зовох зүйлгүй болсон байна. Иргэд хурлын процесс, шүүх хурал хэрхэн явсан талаарх дуутай, дүрстэй мэдээллийг дэлгэцээс нөхөн үзэж болох юм. Бас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн веб сайтын “You Tube” сувгаас шүүхийн талаарх дүрстэй мэдээг үзэж сонирхох боломжийг бүрдүүлжээ. Нээлттэй шүүх нь Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын ахлах ангийн сурагчдад шүүхийн сэдвээр танхимын бус сургалт хийхээр болж нээлтийн дараа анхны сургалтаа явууллаа.
Нээлтийн ёслолын үеэр зэргэлдээх танхимд болж байсан шүүх хуралдааныг дэлгэцээр шууд дамжуулж байсан юм. Ийнхүү “Шүүх гэдэг нь хүнийг шүүх, яллахын тулд биш, харин хүний эр хийг хамгаалахын тулд, нийгмийн сайн сайхныг хамгаалахын тулд байгуулагдсан байгууллага гэдгийг ойлгох ёстой. Шүүнэ, цагдана гэдэг хүнийг айлгах, үргээх бус, нийгмийн үйлчилгээний байгууллага. Шүүгч бол адилхан иргэн. Шүүх бол хүний амьдралын үргэжлэл" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүхийн шинэтгэлийн асуудлаар хэлж байсан үг амьдрал дээр биеллээ оллоо хэмээн
Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ