Барселона 2-2 Пари Сен-Жермен
Аваргуудын Лигийн шөвгийн наймын эхний тоглолтоо Испанийн алдарт Барселона болон Францын Пари Сен-Жермен клубууд Францын нийслэл Парис хотын Парк де Пренс цэнгэлдэх хүрээлэнд хийжээ. Аль аль баг үндсэн цагийн эцсийн мөчид гоол оруулан тоглолт 2-2 харьцаатай өндөрлөсөн байна.
Энэхүү тоглолтод Каталончуудын ерөнхий дасгалжуулагч Тито Виланова удаан хугацааны эмчилгээний дараа багтаа эргэн ирсэн ч ялалт байгуулж чадсангүй. Тоглолтын эхний хагасын завсарлагаанаар шөрмөсний бэртэл авсан Лионель Месси сэлгээнд суусан нь Барселона багийн хүчийг мэдэгдэхүйц сулруулсан нь харагдаж байлаа. Гэхдээ Аргентин залуу сэлгээнд суухаасаа өмнө эхний үеийн 38 дах минутад Дани Алвесын гоёмсог дамжуулалтаар тоглолтын эхний гоолыг оруулсан юм.
Гэмтлээс шалтгаалан сэлгээнд суусан түүнийг орлон хагас хамгаалагч Сеск Фабрегас талбайд гарсан билээ. Эхний үед үүнээс гоол ороогүй бөгөөд талбайн эзэд 79 дэх минутад тоог тэнцүүлж чадсан байна. Гоолыг Швед довтлогч Златан Ибрахимович оруулсан бөгөөд түүнийг илт отон тоглолтын байрлалд гүйж байсныг шүүгч анзаараагүй юм. Гэсэн хэдий ч үүнээс 10 минутын дараа буюу үндсэн цагийн сүүлчийн минут үргэлжилж байхад Испани хагас хамгаалагч Шави гоолдон Барсачууд дахин тэргүүлэх болсон билээ. Тэрээр 16 метрийн талбайд Алексис Санчес дээр гаргасан алдааны торгуулийн цохилтоос багтаа маш чухал гоолыг авчирсан байна. Гэхдээ энэ гоол нь тоглолтын эцсийн цэг байгаагүй юм.
Шүүгчийн мэдлийн цагт талбайн эзэн Пари Сен-Жерменээс Франц залуу Блез Матюйди хаалттай цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж амин чухал гоолыг оруулсан билээ. Түүний энэ гоол тоглолт бараг дуусчихлаа, ингээд өнгөрлөө хэмээн бодож байсан багийнхаа хөгжөөн дэмжигчдийг баярлуулсан, сэтгэл догдлуулсан гоол байсан юм. Ийнхүү 2-2 харьцаатай тэнцсэн хоёр багийн хариу тоглолт Улаанбаатарын цагаар 4 сарын 10-ны шөнө Камп Ноу цэнгэлдэх хүрээлэнд явагдах билээ.
н.Цогоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ