
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая 636 мянган төгрөгөөр торгох ялыг хэвээр үлджээ.
Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран нар нь бүлэглэн 2012 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 15 дугаар тойрогт буюу Увс аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллах явцдаа Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг дэвсгэрт нэр бүхий найман иргэнд “нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг дэмжээрэй, тэдний төлөө саналаа өгөөрэй” гэж түрээсийн гэрээ хийх байдлаар хүн тус бүрт 100 мянган төгрөг, нийтдээ 800 мянган төгрөг тарааж, иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нь санал худалдаж авах аргаар саад хийсэн гэмт хэргийг үйлджээ.
Түүнчлэн хуралдаанаар Ш.Чинбат, Я.Баттогтох нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12 сая 636 мянган төгрөгөөр торгох ялыг мөн хэвээр үлдээсэн байна.
Я.Баттогтох, Ш.Чинбат нар нь бүлэглэн 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллах явцдаа 2012 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд нэр бүхий 9 оюутанд гэрийг нь сонгуулийн сурталчилгааны байрны зориулалтаар 9 хоногийн хугацаагаар түрээслэх нэрээр хуурамч гэрээ хийж, тус бүр 150 мянган төгрөгийг өгч иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэмт хэргийг үйлдсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ