
Монгол Улсын Хил хамгаалах байгууллага ирэх долдугаар сард шинэ үеийн Хил хамгаалах алба үүсэн байгуулагдсныхаа түүхт 80 жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлах аж. Тиймээс ойн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулахаар өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Түүхт 80 жилийн ойн өдрийг угтан олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Хил хамгаалах байгууллагаас төрсөн баатруудыг шагнуулах, дайнд оролцсон отряд, комендатуруудыг шагнуулах талаар хэлэлцэж байгаа аж. Мөн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан, уран бүтээлчдын дунд “Хилчдийн дуу” дууны шүлгийн уралдаан зарлажээ. Мөн хилчдийн амьдралыг харуулсан “Босоо тотго” 60 ангит уран сайхны киног ойн өдөрт зориулан гаргахаар болж, зураг авалтыг Монгол орны хилийн заставууд дээр хийж байгаа аж. Хилчдийн амьдралыг энэхүү киноноос гадна баримтат кино, гэрэл зургийн болон уран зургийн үзэсгэлэн, нээлттэй хаалганы өдөрлөг, үдшийн цэнгүүн зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө нээлттэй байж, хилийн анги, заставуудад хүлээн авах боломжтой талаараа мэдэгдлээ. Тэд удахгүй сэтгүүлчид уран бүтээлчдийг торгон хил дээр аваачиж, өөрийн албаныхаа онцлогтой танилцуулахаар төлөвлөсөн байна. Энэ талаар ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хошууч генерал С.Гүржав “Сэтгүүлчид бол нийгмийг мэдээ мэдээлэл рүү хөтөлж явдаг хүмүүс. Тиймээс Монгол Улсын хил, хилийн манаанд байнга зогсч байдаг хилчдийн амьдрал, ажлын үүрэг хариуцлагатай бүрэн танилцуулах ажлыг зохион байгуулж байна” гэв.
Мөн энэ үеэр Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баяр ирэх долдугаар сард тохиох бөгөөд хууль зүйн шинэтгэлийн хүрээнд иргэддээ илүү үйлчлэгч байгууллага байх болно гэдгээ дуулгалаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ