Шинэчлэлийн Засгийн газраас долоо хоног бүр сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийж байгаа юм. Энэ удаад Хөдөлмөрийн сайд Ч.Санжмятав салбартаа хэрэгжүүлж буй ажлаа тайлагналаа.
-Хөдөлмөрийн насны ажилгүй иргэдээс хэдэн хүнийг ажилтай болгох вэ?
-Хөдөлмөрийн насны 1,7 сая иргэн байна. Эдгээрийн нэг сая гаруй нь ажилтай. 688 мянга нь эдийн засгийн идэвхгүй хүн ам буюу суралцагч, тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан ба хүүхдүүд байдаг.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ажил эрхлээгүй 87 мянган хүн байна. Энэ хавар МСҮТ-ийг 20, их, дээд сургуулийг 38 мянган залуучууд төгсөн, хөдөлмөрийн зах зээлд гарч энэ тоо нэмэгдэнэ. Энэ хүмүүсийг ажил, орлоготой болгох нь Хөдөлмөрийн яамны зорилго.
Манай улсын 7000 гаруй залуучууд Солонгост ажилладаг байна. Ийм тооны иргэдийг энэ оны эхэнд бүртгэж, мэргэжлийн сургалтад хамруулж, аж ахуй нэгжүүдээс захиалга авч ажилд зуучилж, ажлын байраар хангаж байна.
- “Үндэсний мэргэжилтэй ажилтан” бэлтгэх хөтөлбөр үр дүнгээ өгч байна уу?
-Бид нийт 7000 хүнийг мэргэжилтэй ажилтан болгохын тулд 12 тэрбум төгрөгийг зарцуулна. Өнгөрсөн хугацаанд 4000 хүн энэ хөтөлбөрт хамрагдсаны 70 хувь нь өнөөдөр ажлын байртай болсон. Өөрөөр хэлбэл, ажилтай болсон гэр бүлийн хувьд аваад үзвэл 28 мянган хүний амжиргааны түвшин дээшилсэн гэж ойлгож болно.
-Хувийн компаниудын хувьд ажлын байрны тухайд ямар бодлого барих нь зүйтэй юм бол?
-Өнөөдөр ажлын байр олгож байгаа компаниуд гаднаас өндөр мэдлэгтэй мэргэжилтнээгурван сар ажиллуулах уу. Гурван жилээс дээш тогтвортой ажиллах хүн авах уу гэдэг талаар сайн бодох хэрэгтэй байна. компаниуд ажилтнаа тогтвортой ажиллуулахын тулд хамгийн түрүүнд нийгмийн асуудлыг шийдээд тогтвортой ажиллах нөхцөлөөр нь хангах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл урт хугацааны зээл олгох гэх мэтээр боломж гаргаж өгөх хэрэгтэй.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх үү?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140.400 байгаа. Харин төрийн албан хаагчид хамгийн багадаа 328.000 төгрөгийн цалин авч байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж болно. Гэхдээ ингэвэл хувираа аж ахуй эрхэлдэг хүмүүсд хүндээр тусна. Тэгвэл ажлын байр багасаж ажилгүйдэл нэмэгдэнэ. Өрхийн жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс таван хүнийг 140.400-аар цалинжуулж байснаа болиод гурван хүнийг нэмэгдсэн хөлсөөр цалинжуулна.
Тэгэхээр хоёр хүн ажилгүй хоцрох болно. Тиймээс үүнийг нарийн бодлогын дагуу нэмэх шаардлагатай. Өмнөх шигээ нийгэмд зарлаж байгаад нэмж болохгүй. Үүнээс болж бинзений үнэ нэмэгдэнэ, дараа нь талхны үнэ нэмэгддэг. Тиймээс зөвхөн ажил олгогчтой тохирч байгаад ажилаа сайн хийж байгаад нь сайн цалих өгдөг байх хэрэгтэй. Энэ оны арван сараас цалин нэмэх боломж бүрдэнэ гэж бид ярилцаж байгаа
-Нийслэлд ажлын байрны илүүдэлтэй байна гэж үнэн үү?
- Яг өнөөдрийн байдлаар ажил идэвхитэй хайж байгаа 30.000 иргэд байна. Харин компаниудаас 24.000 ажлын байр санал болгож байгаа. Үүнээс нийслэл хотод ажлын байр илүүдэлтэй, хөдөөд дутмаг байдалтай байна. Мөн ажилгүй байгаа иргэдийн хувьд 18-24 насныхан нь ажлын туршлага байхгүй, 45-60 насныхан нь тэтгэвэрт гарсан гэсэн үндэслэлээр ажилд авахгүй байна.
-Тэтгэвэрт гарсан хүмүүсээ яаж ажилтай болгох уу?
- 45-60 насны хүмүүсийг мэргэжлийн хувьд зөвлөх хийлгэх , бусад ажлын байраар хангах бодлого хэрэгтэй. Тухайлбал гадны оронд цалин бага ажилд өндөр настай хүмүүсийг аван зохицуулагч, хамгаалагч, манаач зэрэг ажил хийлгэдэг. Энэ журмын дагуу ажиллах юм бол ажилгүйчүүдийн тоо буурна.
-Энэ жилийн хувьд гаднаас хэдэн мянган ажиллах хүч оруулж ирэх бодлого барьж байна вэ?
-Бид заавал энэ жил тэдийг оруулж ирнэ гэсэн тоо заахгүй байгаа. Гэхдээ үйлдвэрүүд дээр квот тогтоож байгаа.
Тухайлбал 75 хувь нь монгол, 25 хувь нь гадаад ажилтан байна. гэсэн. Гэхдээ хоёр инженер байвал нэг нь монгол нөгөө нь гадаад байна гэх мэтээр. Үүний гол зорилго нь гадаад мэргэжилтэнг дагалдуудан дараагийн монгол чадвартай мэргэжилтэнг бэлтгэх явдал юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ