
Цахим ертөнцөд шуугиан тариад буй Швейцарийн банкин дахь нууц дансныхаа талаар УИХ-ын дэд дарга С.Баярцогт өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны “Г” танхимд сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр энэ тухай өгсөн тайлбартаа "2008 оноос 2012 оны наймдугаар сар хүртэл Монгол улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нь нууц дансандаа нэг сая гаруй ам.доллартай хэмээх мэдээлэл ор үндэслэлгүй. Гэхдээ тэрхүү дансанд 1658 евро буюу 2,9 орчим сая төгрөгийн хадгаламж байгаа. Сангийн сайд болохоос өмнө найзуудтайгаа нийж хувьцааны бизнес хийхээр ярилцаж, мөнгө нийлүүлж компани байгуулсан. “Бээжин транс капитал” гэдэг нэртэй компани байгаа. Өөрөөр хэлбэл, офф-шор компани. Энэ нь тухайн улсад татвар төлдөггүй гэсэн үг юм. Би алдаа гаргасан. Энэ компанийн нэрийг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй нь миний алдаа боллоо. Гэхдээ мөнгөө АТГ-т мэдүүлсэн. Найзууд маань мөнгөө буцаагаад татчихсан. Тэгээд миний мөнгө болох гурван сая орчим төгрөг үлдсэн байгаа" гэсэн юм.
Харин энэ компани таны нэр дээр байдаг уу гэсэн асуултад тэрбээр "Эзэн нь шууд харагдахгүй. Энэ хууль зөрчсөн асуудал биш. Харин цаана нь хэн байна гэж Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид судлахад миний нэр байсан юм байна лээ. Хууль ёсны мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Би ёс суртахууны талаас үлгэр дууриал болох ёстой хүн учраас энэ талаар УИХ-ын даргад албан ёсоор хэлчихсэн. УИХ ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Хуулийн дагуу асуудлыг шийдэх байх" гэсэн тайлбарыг өглөө.
Тэрбээр эдгээр ярьсан зүйлсээ
www.icij.org сайтад мөн мэдээлсэн байна.
http://www.icij.org/offshore/disclosure-secret-offshore-documents-may-force-top-mongolian-lawmaker-resign
Түүний нэр дээр гэгдээд байгаа Legend Plus Capital Limited компанитай холбогдох баримт бичгүүдийг доорх линкээс үзнэ үү.
https://www.documentcloud.org/documents/625121-467bf5e865a345daf3539a0edcc2bb7d-20080528193251.html
https://www.documentcloud.org/documents/625125-08011d44388b4c94dfcb0df0d4fac58b-legend-plus.html
СЭТГЭГДЭЛ БИЧИХ