Ерөнхийлөгч асан Н.Багабанди нарын эрхмүүдийг солих шаардлагатай гэв
“Оюутолгой”-н Удирдах зөвлөлд монголын талаас төлөөлөн суугаа Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд, Г.Батсүх нарын талаар Иргэний хөдөлгөөний төлөөлөлүүд МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Нийгмийн гэмт халдлагаас сэргийлэх төв”-ийн тэргүүн Б.Цэрэндорж, “Алтан ураг Чингүнжав төв" сангийн захирал Б.Амарсанаа, Сүхбаатар дүүргийн иргэн Л.Лхагвасүрэн нар хийсэн юм.
Тэд энэ үеэр “Монголын Засгийн газрын урдаа барих ганц зүйл нь Оюутолгой, түүний баялаг болжээ. Монгол хүн бүрт хүртээх ёстой энэ баялгийг өнөөдөр Канадын хөрөнгө оруулалттай Рио Тинто компани эзэмшихээр гэрээ хэлцэл нь аль хэдийнэ батлагдсан. Ингэхдээ монголын жирийн нэг иргэн, өрх айлын хэнтэй ч зөвшилцөөгүй. Эрх мэдэлтэн, дарга сайдуудын хүрээнд хийгдсэн ажил. Хэдийгээр Оюутолгойгоос олсон ашиг монголчуудад хангалттай хүрнэ гэж ярьдаг ч худал үг, хоосон амлалтаас хэтрэхгүй байгаа нь өдрөөс өдөрт батлагдаж байна. Үүнд нотолгоо бий. Өнөөдөр Оюутолгойн гэрээ төслийн ТУЗ-д есөн хүн бий. Тэдний дотор монголын талыг төлөөлж дөрвөн эрхэм ажилладаг.

Тодруулбал, Оюутолгойн ТУЗ-ын даргаар Монголоос канад улсад суух Бүрэн эрхэт элчин сайд асан Г.Батсүх, ТУЗ-ийн гишүүнээр МУ-ын хоёр дахь ерөнхийлөгч асан Н.Багабанди, мөн гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, “Инээмсэглэл” хамтлагийн дуучин Ч.Ганболд нар ажилладаг. Тэд 2010 оноос монголчуудын эрх ашгийг хамгаалахаар ажиллаж буй төлөөлөгчид.
Тэд монголын ард түмнийг төлөөлж чадах уу? Тэдний хоорондын эрх ашгийн холбоотой байдлаар мэдээлэл өгье.
-Г.Батсүх нь Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахаас өмнө Ерөнхий сайд асан С.Баярын дэмжлэгтэйгээр Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайдаар томилогдож байсан. Тэрбээр Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабандийн оюутан цагийн найз нь. Тэд хамтдаа Одессийн их сургуульд суралцаж байхдаа Н.Багабанди оюутны зөвлөлийн дарга, Г.Батсүх нь нарийн бичгийн даргын ажлыг нь хийж байсан. Үүнээс хожим нь Г.Батсүх нь АНУ-д хувийн бизнес эрхэлдэг байгаад Оюутолгойн гэрээ батлагдах үеэр гэнэт Монголоос Канад улсад суух Бүрэн эрхэт элчин сайдаар томилогдон явсан.
Ингэхдээ Н.Багабандийн санал болгосноор С.Баярын тохиролцоогоор Канадын элчин сайдаар томилогдсон юм. Тэнд ажиллаж байгаад хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш тун удалгүй Бээжингийн элчин сайдын яаманд томилогдон ирсэн. Г.Батсүх нь Канадын элчин сайдаар ажиллах хугацаандаа Н.Багабанди, С.Баяр нарын даалгавраар Канад улсад Монгол Улсыг төлөөлөх бус харин Канад улсаас Рио Тин Тог төлөөлж ажилласан.
-“Титэм” хамтлагийн дуучин Ч.Ганболд нь Ерөнхий сайд асан С.Баярын багын найз бөгөөд нэг айлын баз хүргэнүүд.
-Сангийн сайд асан П.Цагаан нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг. Тиймээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын алдагдалтай гэрээг байдаг хүчээрээ, хар толгойгоороо хариуцна хэмээн андгай тангараг өргөн байж сонгогдсон хүмүүс өдгөө Канад улсаас оргонол хүсээд байгаа гэж сонсогдох С.Баяртай шууд хамааралтай болох нь аль ч түвшинд нотлогдож байна. Эрх ашиг, сонирхол нэг халаас нэгтнүүд өнөөдрийг хүртэл хийсэн бүхнийхээ төлөөсөнд олон сая ам.доллар халаасалсан гэх ил далд яриа байдаг.

Иймд Монгол Улсын иргэн эсэх нь эргэлзээтэй С.Баяр, түүний хамсаатан болох Н.Багабанди, Г.Батсүх, Ч.Ганболд нар нь улсын эрх ашгийг чин зүрхнээсээ төлөөлж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Эрх ашгийн зөрчилтэй ийм хүмүүсийг монголын ард түмний өмч болох Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлөөс эргүүлэн татаж, шударга, эх оронч хүмүүсийг төлөөлөн удирдах зөвлөлд оруулах нь туйлын зөв.
Иймд Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлийн монгол талын гишүүдийг яаралтай өөрчлөхийг шаардаж байна” хэмээн мэдээлсэн юм.
Мөн тэд энэхүү мэдээлэлд дурьдсан баримт бүхий шаардлагыг УИХ, ЗГ-т хүргүүлэх бөгөөд Монголын ард түмнийг төлөөлж чадах зөв хүнийг сонгохыг сануулах аж. Хэрэв тэдний шаардлагыг УИХ, ЗГ хүлээн авахгүй бол дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ