“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарлаа

img

  Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт, Дээд офицерын цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг нийтлэгджээ. Мөн “Амгалан дулааны станц” барих тухай Засгийн газрын тогтоолоор, Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг 2013-2014 онд өвлийн их ачааллаас өмнө хангах зорилгоор “Амгалан дулааны станц”-ыг “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгээр дулааны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын хамт барих гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулан 2013 оны арванхоёрдугаар сарын 1-ний дотор эхний ээлжийг ашиглалтад оруулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт даалгасан байна. Үүнээс гадна их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын төлөвлөгөөнд стандартчлал, техникийн зохицуулалтын талаар мэдлэг олгох хичээлийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн оруулах арга хэмжээ авахыг холбогдох  сайд нарт үүрэг болгосон байна. Бодлогын зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр ямар төслийг санхүүжүүлэхээр тогтсон тухай мэдээллийг  эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоос мэдэх боломжтой.Тогтоолд заагдсан бүтээн байгуулалтын томоохон төсөл нэг бүрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн нэгжийг байгуулан  ажиллуулахын зэрэгцээ төслийн нэгж байгуулж, бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллахыг тогтоожээ. Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “МИАТ” ТӨХК-д Үндэсний агаарын тээвэрлэгч статус олгох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Тогтоолоор Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн удирдлага, менежментийг сайжруулах бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах талаар холбогдох арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд, Төрийн өмчийн хорооны даргад даалгасан байна. Д.Цэцэг      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ