С.Зоригтбаатар: Баянхонгор аймаг 3-5 жилийн дотор хөгжлийн жишиг болно
Баянхонгор аймгийн Заг сумын 1400 иргэн эвлэлдэн нэгдэж, хүний хөгжлийн сангаас иргэдэд сар бүр олгож буй 21 мянган төгрөгөө нийлүүлж хувьцаат компани байгуулжээ. Тэд эдийн засгийн эрх чөлөөтэй, ажилтай, орлоготой, хөдөлмөрч, бүтээлч иргэнлэг сум болон хөгжихийн төлөө зорьсон нь энэ ажээ. Ийнхүү “Загийн гол нэгдэл хувьцаат” компани байгуулагдсанаар сумын ард иргэд сумынхаа онцлог, давуу талд түшиглэн санаа бодлоо уралдуулж бизнес эрхэлж байгаа юм. Тэдгээр иргэд олсон ашгаа бүгд тэгш хүртэхийн зэрэгцээ бусад сум, аймаг, улс оронд ч үлгэр жишээ болох зорилт тавьжээ. Одоогоос есөн сарын өмнө байгуулагдсан тус компани өдгөө үйл ажиллагаагаа тэлж, аймгийн бусад сумдад ч хүрч ажиллаж эхэлсэн байна. Баянхонгор аймгийн “Загийн гол нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Зоригтбаатартай ярилцлаа.
- Шинэ санаачлага гаргаад амжилттай ажиллаж байгаа юм байна. Нэгдэл байгуулах санал санаачлага яаж төрөв?
- Өнөөдөр аль ч сумын төвд эмч багш, галчаас өөр ажлын байр байхгүй, дэлгүүрээс өөр том бизнесийн байгууллага алга. Сумын нийт ард иргэдийн 70 гаруй хувь нь хөдөө мал дээр байдаг. Сүүлийн 10 жил үргэлжилсэн ган зудад хамаг малаа алдаж хотоо харлуулсан малчид төв суурин газар бараадан шилжсэн байгаа юм. Социализмын үед Монголын хөдөө нутагт ажил амьдрал буцалсан их бүтээн байгуулалтын талбар, улс орны хөгжил дэвшлийн мөчир нахиа байсан бол өнөөдөр малаас өөр эд хөрөнгөгүй, мал адгуулахаас өөр мэдлэг боловсролгүй хөдөөгийнхөн маань ядуурлын сүүдэрт дайрагдах гээд байна. Цагтаа Загийн улаан тэмээгээрээ улсдаа алдар суугаа дуудуулан цоллууж байсан Баянхонгор аймгийн Заг суманд өдгөө 560 гаруйхан өрх айл нутгаа сахин үлдсэн байгаа юм. Малчин өрхүүдэд зөвхөн гэдэс цатгалан амьдрахын төлөө биш, цаг хоромтой өрсөн хөгжиж буй дэлхий ертөнцийн их дэвшлээс үлдэж хоцрохгүйн төлөөх тэмүүлэл байдаг нь анзаарагдсан. Тэдний үр хүүхэддээ боловсрол олгох, хөдөөдөө ч гэсэн хотын соёлыг тарьж ургуулах их хүсэл эрмэлзлэл, цаг үеийн хэрэгцээ шаардлагыг нь харгалзаж Загийн гол төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.
- Ажлаа эхлэхдээ жишээ болохуйц, туршлага авмаар зүйлийг харгалзсан уу? Эсвэл энэ нь шинэ зүйл байв уу?
- Манай Мон лаа компанийн захирал Энхсайханы аав Заг сумын уугуул хүн байдаг. Тэр ч утгаар захирал маань нутаг орондоо сэтгэл нь уяатай байдаг юм. Алив хүнд хэрэгтэй юмандаа зарцуул гээд бэлэн мөнгө өгөхөд үр дүнгүй, амархаан үрээд дуусгачихдаг. Харин таны гаргасан тодорхой хэмжээний мөнгөн дээр би нэмэрлэе, тэгээд үйлдвэрлэл эрхэлж байнгын ашиг орлоготой болгоё гэхэд цааргалах хүн цөөн байсан. Тэгээд л энэ санаачлага гарсан юм. Мон лаа компани нь сайн үйлсийн Мон лаа санг байгуулаад ажиллаж байгаа. 40-өөс дээш иргэн нийлж хоршоолж ажиллавал хүний хөгжлийн мөнгийг бөөнөөр нь олгож болох Засгийн газрын тогтоол байгаа. Тийнхүү сумын иргэдийн хүний хөгжлийн мөнгөө нийлүүлэн босгосон дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн дүнг Мон лаа компаниас хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг нь дэмжиж байна. Заг суманд гэхэд л дээрх тогтоолын дагуу 1400 шахам иргэний 21 мянган төгрөгийн нэгдэл буюу 322 сая төгрөг гаргасан бол Мон лаа сангаас 161 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх жишээтэй.
- Танайх олон төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Байгуулагдаад жил хүрэхгүй хугацаанд үр дүнгээ өгч эхэлсэн, нүдэнд харагдахуйц үр дүн гэвэл юуг нэрлэх вэ?
- Хамгийн эхэлж хэрэгжсэн Загийн гол нэгдлийн үйл ажиллагааг энд хэлж болно. Энэ жилийн хувьд Загд 200 га талбайг хашиж, чацарганы 143 мянган мод тарьсан бол 61 хүн ажлын байртай боллоо. Мөн 30 га-д 75 тонн төмс тариад 200 гаруй тонн ургац хурааж авлаа. Ийнхүү бид Баянхонгорчуудын төмсний хэрэгцээг хангахуйц ургац хураагаад зоориндоо хадгалан, борлуулалт хийж байна. Эндээс олох ашгаас компаний иргэд ноогдол ашгаа хүртээд явах юм. Үүнээс гадна бид Галуут, Байдраг, Хүрээмарал, Баянбулагийн нутагт 250 орчим га газарт хадлан хадаж 8000 гаруй боодол өвсийг нутгийн малчдадаа хямд үнээр борлуулж эхэлсэн. Борлуултаас үлдсэн 3000 боодол өвсийг улсын нөөцийн фондод нийлүүлэхээр гэрээ хийгдсэн байгаа.
- Та нарыг саяхан хөдөө сумдаар ажиллаад ирсэн гэж сонслоо. Холын хүнээс үг сонс гэдэг дээ, сонин сайхан ихтэй юу?
- Саяхан бид Баянхонгор аймгийн Заг, Хүрээмарал, Бууцагаан, Баянговь, Бөмбөгөр зэрэг сумдад ажиллаад ирлээ. Баянговь суманд аймгийн 14 сумын төлөөлөл болсон 100 шахам хүнийг хамарсан сургалтыг зохион явууллаа. Бэлчээрийн менежментийг сайжруулах, газар тариалан эрхлэх, чацаргана тариалах арга, ашиг тус зэрэг тариалалтын агуулгын багтаасан сургалтыг Загийн гол нэгдэл, Мерси Кор олон улсын байгууллага, аймгийн ХХАА-н газар хамтран хийсэн юм. Сургалтаар Загийн гол нэгдлийн туршлагыг сурталчилан таниулж, жишиг компани байгуулах талаар санал сэдэл өгөхүйц мэдээллийг өгсөн байгаа. Бидний санал санаачлагыг хөдөөгийн иргэд талархан хүлээн авч, ажил хэрэг болгох тал дээр олон асуудлыг ярилцсан. Мөн сум сумдын газар тариалангийн бүс нутгийн хэмжээ, ажлын хэрэгжилт зэргийн тодорхой мэдээллүүдийг авлаа.
Хүрээмарал суманд 500 хүн 21 мянгаараа нэгдсэн. Намрын тариалалтын хувьд 10 га газар хашаад чацарганы 5000 ширхэг суулгацыг тарьсан байгаа. Мөн тус суманд ноос, ноосон бүтээгдэхүүн, эсгий, эсгийн үйлдвэрлэл хийхээр ажиллаж байна. Үйлдвэрийнхээ шавыг тавьж, барилгын ажил эхлээд байна. Одоогийн байдлаар гар аргаар эсгийн бүтээгдэхүүн хийж байна. Цэргийн ангид 8000 ширхэг эсгий оймс нийлүүлэх ажлыг аваад ажиллаж байгаа. Бууцагаан суманд энэ намар 60 га газрыг хашаад 20 мянган ширхэг чацарганы суулгацыг тарьсан. Мөн малын тэжээл, оёдлын цех байгуулахаар ажиллаж байна. Оёдлын үйлдвэрийн ажил эхлээд ажлын хувцас хэрэглэлийг захиалгаар оёхоос гадна сурагчдын Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд амны алчуур оёж нийлүүлэх ажлыг эхлүүлсэн байх жишээтэй. Харин Бөмбөгөр суманд 910 гишүүнтэй Бөмбөгөр арвай ХК байгуулагдан ажиллаж байна. Тус суманд энэ жил 15 га газрыг хашиж, 6000 суулгацыг суулгалаа. Мөн тус суманд махны үйлдвэр байгуулахаар барилгын ажил нь дуусч, тоног төхөөрөмжөө байрлуулах шатандаа явж байна. Малчдаас авсан махаа ангилж ялгаж, тусгайлан савлах зэргээр худалдаалахад бэлтгэхээс гадна махан бүтээгдэхүүн (бууз, банш, хиам г.м) мах үйлдвэрлэлийн ажил эрхлэх юм. - Танай үйл ажиллагаанд ард иргэдийн хэрэгцээ шаардлага, санал сэдэл хэрхэн тусдаг вэ? 21000 мянган төгрөгөөрөө нэгдэх санааг хэрхэн хүлээн авч байна вэ? - 21000 төгрөгөөрөө нэгдэх санаачлага ард иргэдэд нэлээд байгаа нь анзаарагдлаа. Сүүлийн үеийн нэг судалгаа байна л даа. Бууцагаан сумд л гэхэд өдөрт 700 мянга, сард 21 сая төгрөг, жилдээ 240 шахам сая төгрөгийн архины борлуулалт хийгдсэн байгаа юм. Энэ үзүүлэлтэд 21 мянган төгрөгний оролцоо нэлээд байгааг нутгийн иргэд ярьж байна. Ахуй амьдралынхаа хэрэгцээт зүйлд тус мөнгийг зарцуулаад амьдарч байгаа айл өрхийг үгүйсгэхгүй ч нийтээрээ ашигтай хэрэгтэй зүйлд зарцуулж чадаж байна уу гэвэл үгүй. Тиймээс манай сумын онцлог, давуу тал юу байна, бид нэгдээд юу хийж болох вэ, бидэнд юу шаарлагатай байна вэ гэхчлэн хэлэлцээд тэр чиглэлээрээ ажиллавал хэчнээн хэрэгтэй байхав. Биднийг чиглүүлээд өгвөл хийх ажил их байна, эвлэлдэн нэгдэе гэдгийг хөдөөнийхөн дуу нэгтэй ярьж байна. Энэ өвөлдөө багтаагаад “Мон лаа” группын дэмжлэгтэйгээр аймгийн бүх сумдад давуу талд нь тулгуурласан, иргэдийн оролцоотой нэгдэл хоршоо байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Харин тэдгээр 20 сумдын хоршоог нэгтгэн базсан толгой компанийг Баянхонгор суманд байгуулах төлөвлөгөө бас байгаа. Бидний барьж байгаа бодлогоор үйлдвэр, үйлдвэрлэл сум сумдад өөр байх нь ашигтай гэж тооцоолж байгаа юм. Нэгнийхээ хийж байгааг давтахгүйгээр өөр санаачлагаар ажиллаж, харилцан бүтээгдэхүүнээ нийлүүлж ажиллах тал дээр нь анхаарч ажиллана. Харин чацарганын тариалалтыг сум бүрд хийж түүхий эдийн хангамжаа баттай болгоод, аймгийн төвдөө чацарганы үйлдвэр байгуулаад улсдаа, дэлхийн зах зээл дээр гаргамаар байна. Орон нутагт чацарганы аж ахуй эрхэлснээр ажлын байр нэмэгдэх, сумын хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулах, ядуурлыг бууруулах, ард түмний амьжиргааг дээшлүүлэх, гадаад зах зээлтэй харьцах, үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх зэрэг олон үр дүнтэй алсын хараатай томоохон бүтээн байгуулалтын ажил болох юм. - Чацаргана тариалалт хамгийн ашигтай бизнес мөн үү? Зах зээлийн судалгааг хэр хийсэн бэ? - Ноолуурын орлогоор амьдарч байгаа малчдыг буруутгах аргагүй. Орлогын өөр эх үүсвэр байвал энэ асуудлыг шийдвэрлэхэд тийм ч бэрхшээлтэй биш. Тэгвэл чацаргана тариалвал хавьгүй ашигтай болохыг манай олон иргэн үйл ажиллагаагаараа нотолж байна. Чацаргана монгол орны хангай говийн хаана ч ургана. Чацаргана зудад үхэхгүй, ган болсонч усалгааг нь тогтмол хийснээр ургац алдахгүй байх бололцоотой. Цас хичнээн их орвол чацаргана төдийчинээ сайн өвөлжинө. Энэ мэт хүчин зүйлээс чацаргана нь эрсдэл багатай бизнес болж байгаа юм. Эдийн засгийн судалгааг хийсэн л дээ. Нэг ямаанаас жилд дунджаар 300 гр ноолуур авч, килограмм тутмыг нь 50000 төгрөгөөр борлууллаа гэхэд 500 ямаатай малчин жилдээ 7.5 сая төгрөгийн борлуулалт хийнэ. Тэгвэл 500 ширхэг чацарганы модыг хагас га талбайд тариалбал түүнээс илүү ашиг олох бололцоотой байна. Нэг модноос дунджаар 5 кг жимс авах бөгөөд 500 модноос 2500 кг ургац хураана. Нэг кг жимсний үнэ 5000 төгрөг гэж бодвол 12.5 сая төгрөгийн борлуулалт хийнэ гэсэн үг. Жимсээ өөрсдөө боловсруулж бүтээгдэхүүн хийвэл олох орлогын хэмжээ ч нэмэгдэнэ. Тэрчлэн эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг нь мөнгөөр хэмжих аргагүй. Чацаргана тариалснаар бэлчээрийн талхагдал багасч байгаль орчин сэргэж хур бороо ч нэмэгдэх юм. - Танай ажлын эцсийн зорилго, эндээс ямар үр дүнг хүлээж байна вэ? - Бидний ажлын дүнд Баянхонгор л хөгжих ёстой. Одоо сумаас аймаг, аймгаас хот гэсэн маягтай шилжилт хөдөлгөөн нэлээд нэмэгдлээ. Энэ төвлөрөл, бүх асуудал нь ажлын байр хомс, хөгжил цэцэглэлт муугаас л шалтгаалж байгаа. Бидний эцсийн зорилго энэ байдлыг халахад л оршиж байна. Сум орон нутагт ажлын байр бий болгож, бүтээн байгуулалтыг босгож эдийн засгийн нөхцөл байдлыг чадавхжуулах. Энэ нь л зорилгоор бид ажиллаж байна. Монголд 334 сум байна. Улсын хөгжил сумаас гэдэг. Тэгэхээр зах зээлийн жамын дагуу түрүүлж хөдлөөд тугаа хатгасан хүн ашиг олдог гэдгээр Баянхонгорчууд манлайлмаар байна. 334 сумаас хөгжлөөрөө нэгдүгээрт манай аймгийн сум баймаар байна. Тэгэхээр сумыг ингэж хөгжүүлж болж байна гэдгийг бусдад таниулж, үлгэр дууриал болгомоор байгаа юм. Хөдөөгөө л мартмааргүй байна. - Төслийн эцсийн үр дүнг харахад, өөрөөр Баянхонгор жишиг аймаг болоход хэдий хэрийн хугацаа хэрэгтэй вэ? - Ойролцоогоор 3-5 жилийн дотор эхний үр дүн харагдана гэж тооцож байгаа. Аймгаа хөгжлийн жишиг болгоно доо. Иргэддээ хандаж хэлэхэд нэгдээд ажиллаж чадвал Мон лаа компаниас дэмжээд хамтдаа хөгжлийг цогцлоох боломж байгааг хэлмээр байна.
Б.Мөнхзул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ