Хот тохижилтын ажилтай танилцлаа

img

  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал энэ сарын 27-29-нд Улаанбаатар хотноо зохиогдох аж. Дэлхийн 140 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн энэхүү бага хурлын үеэр 1000 орчим хүндтэй зочид төлөөлөгчид манай улсад айлчлахаас гадна 10 гаруй орны төр, засгийн тэргүүн ирнэ. Мөн дэлхий дахинаа нэр хүндтэй улс төрийн зүтгэлтнүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн хүндэт зочноор уриад байгаа аж. Энэ үеэр дэлхий нийт Монголыг тольдож, эх орноо Олон улсад сурталчилан таниулах том үүрэг Монгол улсын иргэн бүрт ногдож байгаа байгаа тул  хурлын үйл ажиллагаа, зохион байгуулалт, хотын тохижилт, бүтээн байгуулалтад  Төр, Засгийн тэргүүнээс гадна, Нийслэлийн удирдлагууд ихээхэн анхаарал хандуулж эхэлсэн байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өчигдөр нийслэл хотод хийгдэж байгаа хот тохижилтын ажил байдалтай танилцлаа. Хотын захирагчийн очсон эхний газар бол Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэг байлаа. Энэхүү цэцэрлэгийн тохижилтыг Улаанбаатар банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Платнинум” ХХК болон “Эрчим оюу” ХХК-иуд гүйцэтгэж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ажилд хяналт тавин ажиллаж байна. Төлөвлөж байгаа хугацаагаар бол хонхтой цэцэрлэгийн тохижилтын ажил энэ сарын 20-нд дуусах ёстой  юм. Гүйцэтгэгч компанийн тайлбарлаж байгаагаар газар хөлдүү байгаа учраас тохижилтын ажил бага зэрэг хүндрэлтэй байна. Гэхдээ бид хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх болно гэв. Хотын захирагч хамгийн гол нь энэхүү цэцэрлэгт хүрээлэн иргэдэд нээлттэй, амарч тухлахад нь таатай орчин байх ёстой. Ногоон байгууламжийг тойруулан хашаа барих биш харин ч нээлттэй, иргэд шууд орон амрах, тухлах боломжтойгоор тохижилт хийх хэрэгтэй гэсэн юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж, мод зүлгийг шинэчилж гэрэлтүүлэг, усан ориглуур хийнэ. Мөн цэцэрлэгт хүрээлэнд 10 метр тутамд модон сандал, хогийн сав байрлуулж байгаагаас гадна иргэдийн зорчих замыг өргөсгөнө хэмээн гүйцэтгэгч байгууллагын зүгээс мэдэгдсэн. Харин хотын даргын зүгээс энэхүү бүтээн байгуулалтыг хариуцах эзэнтэй болгож, байнгын арчлалт, хамгаалалт хийх ёстой гэдгийг санууллаа.   Үүний дараа Төрийн ордны зүүн талд байрлах хуучнаар Сүхбаатарын нэрэмжит Хэвлэх үйлдвэрийн байрыг хашаажуулах ажилтай танилцсан юм. Одоогоор энэхүү барилга  нь хэний эзэмшилд байгааг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байгаа учраас буулгах, нураах зэрэг ажлыг хийх боломжгүй гэж нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар танилцуулсан. Тиймээс эхний ээлжинд хэвлэх үйлдвэрийн гадуур барьсан хашааг  шинэчилж,байшинг барилгын тороор бүрэхээр болсон байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа энэ газрын асуудлыг шийдвэрлэх аж. Мөн энэ өдөр тэрбээр ХУД-ын Зайсан цогцолбор, Бурхантай цэцэрлэгийн зам талбай, цэвэрлэгээ, орчны тохижилт төлөвлөлтэй танилцсан юм. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бат үүл ээ:
хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн урд хэсгийг б у у л гаад газры нь д э э р э м д э ж эхэллээ ойрхон шдэ очоод газар дээр нь танилцаадахаач,,, энийг бичихэд л хууль бус сэтгэгдэл гээд хаагаад байх юм да энэ шууд.мн
2013-04-07