
БНСУ-ын Дэлхийд алдартай “The Llittle Angels” нэртэй хүүхдийн хамтлаг манай улсад хүрэлцэн ирж хэд хэдэн тоглолт зохион байгуулав. Тэд Хүүхдийн ордонд өчигдөр тоглосноор энэ удаагийн Монгол улсад хийж буй хөтөлбөр нь өндөрлөжээ.
Тус хүүхдийн хамтлаг 1962 онд анх байгуулагдсан бөгөөд энх тайвныг эрхэмлэгч хамтлаг гэдгээр дэлхий нийтэд танигдсан юм. Солонгос үндэснийхээ 5000 гаруй жилийн түүхтэй, соёл, ардын урлаг, үндэсний бүжиг, дуу зэргийг бусад улс орон бүрт таниулж чаддаг бяцхан авъяастанууд.
Одоогийн байдлаар 50 гаруй улс оронд 6000 гаруй тоглолтыг зохион байгуулаад байна. 1965 оны 9 дүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрт зориулж онцгой тоглолт сонирхуулснаар тус хамтлагийн түүх эхэлдэг.
Мөн 1971 оны 11 дүгээр сард Английн хатан хаан хоёрдугаар Элизабет-д зориулан тоглож байжээ. Хамгийн сүүлд 2011 оны 9 дүгээр сарын 11-нд НҮБ-ын урилгаар 9.11-ий өдрийн террорист үйл ажиллагааны 10 жилийн ойн тоглолтод оролцжээ.
Монгол улсад хийсэн тоглолтын үеэр эдгээр авъяаслаг бяцхан хүүхдүүд төрийн ордонд тоглолтоосоо сонирхуулсан бол өчигдөр Нийслэлийн Хангарьд ордны хүндэтгэлийн танхимд ая дуугаа өргөлөө. Бяцхан хэмжээний тоглолтын үеэр нийслэлчүүдэд зориулж сурсан монгол дуу дуулж ур чадвараа харуулав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ