
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж, Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амар нар Дорнод аймагт томилолтоор ажиллах үеэрээ Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, дэд ахлагч А.Болорсүхийнд зочилж, түүний биеийн байдал, амьдрал ахуйтай нь танилцлаа.
Өнгөрсөн оны тавдугаар сард Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Шивэртийн ам гэдэг газар гарсан гал түймрийг унтраан албан үүргээ гүйцэтгэж явсан тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн дарга Ч.Намжилдаш, ахлагч Ж.Одбаяр, ахлах ахлагч С.Бат-Эрдэнэ нар гал түймэрт харамсалтайгаар амь эрсэдсэн. Галын аюулаас Г.Багабиш, А.Болорсүх нар амьд үлдсэн ч А.Болорсүхийг цээжээрээ халхалж, доороо дарж хэвтэн амийг нь аварсан аврагч Г.Багабиш шархаа даалгүй бурхан болсон баатарлаг явдлыг Монголын ард түмэн одоо ч бахархан ярьдаг.
Түймрийн голомтоос дөрвөн мөч, нүүр нь түлэгдэж, гэмтсэн А.Болорсүхийн биеийн байдал сайжирч байгаа бөгөөд өөрийг нь амьдраасай гэж сэтгэл санаа болон эд материалын тусламж, дэмжлэг үзүүлсэн төр, засаг, аж ахуйн нэгж, байгууллага, ОБЕГ-ын удирдлага, хамт олон, бүх монголчууддаа маш их баярлаж талархсанаа энэ үеэр илэрхийллээ. Одоо косметик хагалгаанд орж, эрүү нүүрний таталдсан хэсгээ эмчлүүлчихвэл аюул ард хоцорсон гэж ярьж байлаа. Мөн хурдан ажилдаа орж, болдогсон бол албаныхаа хүч, хөдөлмөр шаардахааргүй ажлыг нь нугалж өгөхийг хүсч байгаагаа ОБЕГ-ын даргадаа энэ үеэр дуулгав.
ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж А.Болорсүхэд, тусалж дэмжих хамт олон чинь байна, ажилдаа орох гэж яарах хэрэгггүй, юуны түрүүнд эрүүл мэнддээ анхаарч, бүрэн эдгэрэх ёстой гэлээ.
Эхнэр Л.Цэвэлмаа нь нөхрөө асрах гэж ажлаасаа гарсан бөгөөд нөхрийнхөө группын 200 гаруй мянган төгрөгөөр амьдарч байгаагаа хэлж байлаа. А.Болорсүхийнх оны өмнөхөн хоёр өрөө байранд орсон. Орон сууц авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлж тусалсан ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж болон Онцгой байдлын хэлтсийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Онцгой байдлын ерөнхий газрын зүгээс анх удаа албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдсан албан хаагчдынхаа орон байрны асуудлыг шийдвэрлэж өгсөн нь энэ удаагийнх болж байгаа юм.
Гал сөнөөгч А.Болорсүхийг эргэсэн Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд түймрийн голомтод амиа алдсан гал сөнөөгчид болох Г.Багабиш, Ч.Намжилдаш, Ж.Одбаяр, С.Бат-Эрдэнэ нарын ар гэрийнхэнтэй уулзлаа.
Гэр бүлийнхний зүгээс ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржид талийгаачдын нэрэмжит албаны тэмцээнтэй болох, мөн хөшөөнд мөнхөлмөөр байгаагаа илэрхийлж байв. Үүнийг нь ч Онцгой байдлын ерөнхий газрын дарга анхааралдаа авч, биелүүлэхээ амласан юм хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ