
Үндэсний Сагсанбөмбөгийн Холбооны Кливленд Кавальерс багийн лидер, бүх одод тоглогч Кайри Ирвинг багийн дасгалжуулагч Байран Скоттын ирээдүй хэрхэн шийдэгдэх талаар огт анхаарлаа хандуулахгүй байгаа гэнэ. Тэрээр энэхүү асуудалд санаа зовохгүй байгаагаа хэлсэн бөгөөд харин улирлын үлдсэн долоон тоглолт л чухал хэмээсэн байна.
Кливленд багийн ерөнхий дасгалжуулагч Байран Скотт багтайгаа гурав дах улирлаа үдэх гэж байгаа бөгөөд өнгөрсөн гурван улирлын турш тэрээр нийт 63 ялалт байгуулж, 160 хожигдол амссан юм. Түүнээс гадна энэ улиралд ч амжилт тааруухан байгаа нь түүнийг ажлаасаа халагдаж магадгүй гэсэн яриаг үүсгэхэд хүргэсэн байна. Харин энэхүү цуурхалын талаар багийн лидер Кайри Ирвинг ярихыг хүсэхгүй байгаа бөгөөд "Цаг нь ирэхээс нааш би энэхүү асуудалд санаа зовохгүй ээ. Ирлээ гэж төсөөлөхөд ч төдийлөн анхаарлаа хандуулахгүй л болов уу. Би түүнтэй(Байран Скотт) улирлыг хэрхэн дуусгах талаар л бодож байна" гэжээ. Кавальерс энэ улиралд хэд хэдэн түлхүүр тоглогчдоо бэртэлд алдаад байгаа юм. Кайри Ирвинг хуруу, өвдөг болон мөрний бэртлийн улмаас 23 тоглолт өнжсөн бол төвийн тоглогч Андерсон Варежао 12 сараас хойш тоглоогүй бөгөөд анхны улиралдаа амжилттай сайн тоглож буй Дион Уэйтерс ч гэмтэлд өртөн хэд хэдэн тоглолтыг өнжсөн билээ. Олон гэмтэл бэртлийн улмаас бүрэн бүрэлдхүүнээрээ цөөхөн тоглолт хийсэн багийн дасгалжуулагч Скотт өөрөө ч энэ асуудалд санаа зовохгүй байгаагаа хэлсэн байна. Тэрээр өнгөрсөн 10 сард багтайгаа 2013-14 оны улирал дуустал гэрээ хийсэн юм.
Ж.Цогтсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ