Роберто Манчини: Бид аварга авах боломжоо алдсан

img

  Английн Премьер лигийн шилдэг багуудын нэг Манчестер Сити клубын ерөнхий дасгалжуулагч Роберто Манчини багийнхаа энэ улиралд үзүүлж буй амжилтын талаар ярьсан байна. Тэрбээр "Хэрэв бид өнгөрсөн зун төлөвлөж байсан гол гол тоглогчидоо авсан бол өдийд аваргын төлөөх өрсөлдөөнөөс хасагдахгүй байх байлаа" гэжээ.

Түүнчлэн "Өдийд бидэнд Премьер лигийн эхэнд бичигдэж, аваргуудын лигийн шөвгийн наймд тоглох байсан. Бидэнд багаа сайжруулах гурав эсвэл дөрвөн тоглогчийг элсүүлэх боломж байсан. Даанч чадаагүй. Харин Манчестер Юнайтед шинэ шинэ тоглогчоор багаа сайжруулсаар л байна" хэмээн Манчини хэлсэн байна.

Өнгөрсөн зун Итали мэргэжилтэн Манчинигийн авахаар төлөвлөж байсан таван гол тоглогч нь Манчестер Ситид ирэхээс татгалзсан юм. Голланд довтлогч Робин Ван Перси тэдний заналт өрсөлдөгч улаан чөтгөрүүдийг сонгож, Бельгийн шигшээн хагас хамгаалагч Эден Азар Челсид очиж, Атлетик Бильбаогийн хамгаалагч Хави Мартинесыг Бавари Мюнхен өрсөн өөрсдийн эгнээнд нэгтгэсэн. Харин Рома клубын хагас хамгаалагч Даниель Де Росси, Ливерпулийн хамгаалагч Даниэль Аггер нар багтаа үлдэх шийдвэрийг гаргасан билээ. "Хэрэв бид тэдгээр чухал тамирчдыг багтаа элсүүлж чадсан бол манай багт асар их шинэчлэлтийг авчрах байлаа. Гэхдээ одоо энэ талаар ярих нь дэндүү оройтсон хэрэг юм" хэмээн Роберто Манчини нэмж хэлсэн байна.

Манчестер Сити өнөөдөр Премьер лигийн ээлжит тоглолтоо хүснэгтийг тэргүүлж буй Манчестер Юнайтедтай хийх юм. Ситичүүд улаан чөтгөрүүдээс 15 оноо дутуу лигийн хоёр дугаар байранд яваа билээ. Уг тоглолтын талаар Манчини "Ямар ч тоглогч Юнайтедийн эсрэг сайн тоглож чаддаггүй. Учир нь тэд айдастай тоглодог. Юнайтедийн эсрэг тоглож буй багууд 100 хувь хүчээ дайчлан тоглож чаддаггүйн учир нь тэд өөрсдийгөө юу ч хийж чадахгүй гэж бодон сэтгэл зүйн тал дээр маш сул тоглолтод ордогт байгаа юм. Гэтэл тэр юу ч хийж чадахгүй гэсэн бодол нь огт худал зүйл. Хэрэв чи чадна гэсэн итгэлтэйгээр, сэтгэл зүйн бэлтгэл сайтай байх юм бол юуг ч хийж чадна. Хөлбөмбөгт чи ямар ч багийг хожиж болно шүү дээ" гэсэн байна.

Ж.Цогтсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энхээ:
маш том сэтгэл зүйч хүн юм.ийм сэтгэл зүй ганцхан хөлбөмбөгт биш хүний бүх амьдралд хэрэгтэй.
2013-04-09