
Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын эрүүл мэндийн хорооноос санаачлан “Сэтгэл байхад” аяныг зарласан билээ. Аяны хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын өдөр өнжүүлэх “Ивээл энэрэл” төвийн хагас болон бүтэн өнчин 50 хүүхдэд өнгөрөгч бямба гаригт эмнэлгийн анхан шатны үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийлээ. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд, Залуучуудын эрүүл мэндийн хорооны дарга Ж.Амарсанаа, ЗЭМХ-ны дэд дарга Х.Бат-Ирээдүй болон Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн дарга, ЗЭМХ-ны удирдах зөвлөлийн гишүүн М.Цэрэнбат болон эмч нарын төлөөлөл зэрэг 30 гаруй хүн оролцсон юм.
Энэ үеэр 4-15 насны хүүхдүүд хамрагдсан бөгөөд хүүхдүүдэд эрүүл мэндийн ерөнхий үзлэг, чих хамар хоолой, шүд, арьс судлал, нүд, дотор, цагаан хорхойн шинжилгээ зэрэг анхан шатны үзлэг, шинжилгээ хийн карт нээж шаардлагатай эмчилгээ, витаминжуулалтад хамруулсан байна. Үзлэгийн үеэр уушигны хатгалгаатай нэг хүүхдийг Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн шаардлагатай арга хэмжээ авлаа.

Аяны хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн хамт олон ажилчдынхаа дунд “Ивээл энэрэл” төвийн хүүхдүүдэд туслах хандивын хайрцаг аялуулан цугласан мөнгийг бүтэн өнчин хүүхдүүдэд 18 нас хүртэл хадгаламжийн данс нээж өгөхөөр болжээ. “Сэтгэл байхад” сайн үйлсийн аян ирэх зургадугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ