Олигтойхон төсөв хайрлаач...
Хүн төрхтөн боловсрохуй, иргэншихүй, мэдлэгшихүй хэмээсээр олон зүйлийг ардаа гээжээ. Тэр олон гээсэн зүйлийн нэг нь хүмүүжихүй гэнэ. Хүн болгон хүмүүжүүлэхүйг хэн олгон төлөвшүүлж ирээдүйн төлөө хэн санаа зовнидог билээ. Ирээдүй гэхээр өн холын зүйлийг бид боддог. Гэвч тийм биш. Тэр ирээдүй чинь дэндүү ойрхон таны хажууд байдаг үр хүүхдүүд чинь. Мэдлэг боловсролыг бол статистик үзүүлэлтээрээ бид олгож чадаж байна аа.
Гурван сая хүрэхтэй үгүйтэй хүн амтай монголд өнөөдөр 150 гаруй их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж хүн амд ногдох их дээд сургуулийн үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохиж байна. Чанарын тухай ярьдаггүй юм аа гэхэд тоон утгаараа аргагүй л бөмбөрцөгт айргийн тавд элбэгхэн жагсана. Хүнийг зөв хүн болгон хүмүүжүүлэх үйл явц эхийн хэвлийд байхаас нь эхэлдэг гэдгийг шинжлэх ухаан аль хэдийнэ нотлочихсон. Эхийн хэвлий дэх хүүхдэддээ үлгэр ярьж өгөх, сонгодог хөгжим сонсгож, байнгын эелдэг дулаан үгээр харьцаж байвал тэр хүүхэд өсч томрохдоо энэрэнгүй сайхан сэтгэлтэй, оюуны өндөр чадавхитай, эрүүл чийрэг хүн болдог байна. Өнөөдөр эцэг эхчүүд цаг заваар их л маруухан болж. Арга ч үгүй биз дор хаяж 2-3 ажил зэрэг хийхгүй бол амьдрахад бэрхтэй болсон цаг үе. Залуу гэр бүлийн орлого муу, голдуу л айлын хөлсний өрөөнд хоног төөрүүлж, өдрийн хоолноосоо илүү гарч чаддаггүй. Юун хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал халамж тавих манатай. 0-6 насны 760 гаруй мянган хүүхдүүдийн 30 хүрэхгүй хувь нь цэцэрлэгт хүмүүждэг гээд бодохоор үлдэж байгаа 70 орчим хувь нь гэртээ хүмүүждэг болж таарч байгаа юм. Ганцаараа гэртээ үлддэг хүүхэд нээлттэй бус зожиг, өөрийгөө илэрхийлэх чадвар хомс, оюун ухааны тэлэлт муутай байдаг. Ийм хүүхэд буруу замаар замнах нь элбэг. Ийм л нөхцөлд тэдний бага нас өөрийгөө үнэлэх чадваргүй нэгэн болно.
Ингээд л Ерөнхий боловсролын сургуулийн босгыг алхана даа. Ийм сэтгэлгээ, хүмүүжилтэй хүүхэд үеийнхнээсээ хоцроод эхэлнэ. Өөртөө итгэлгүй хүүхэд яаж ч олигтой суралцах билээ. Гэв гэнэтхэн олны дунд орохоор цочирдох нь олонтаа. Үлгэн салган л суралцаж эхэлнэ. Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ гэж сүржигнэх дуртай төр засгийн сургуулиас өмнөх боловсролд хэрхэн анхаардгийн тод жишээ энэ. Өдөрт л нэг цэцэрлэг барих хэмжээний шахуу зээлийн өр тавьсан гээд бодоход хүүхдийн хүмүүжлийн талаар огтхон ч санаа тавьдаггүйн илрэл гээд дүгнэчихэд хилсдүүлэг болохгүй биз ээ.
Хуучин нийгмийн үед шаардлагатай боловсон хүчний хэрэгцээт судалгааг 5-10 жилээр гаргаж их дээд болон техник мэргэжлийн сургуульд ямар мэргэжлээр хэчнээн оюутан сургаж төгссөн хойно нь хаана яаж ажиллуулахаа томилолтоор шийднэ. Тийм ч учраас төгсөөд ажлын байр нь бэлэн, сайн ажиллуулахын тулд өгдөг шагнал урамшуулал нь ч боломжийн байжээ. Хүний хүсэл сонирхлыг хааж боогдуулсан мэт харагдах хэдий ч тийм ч муу биш тогтолцоо байлаа.
Ингээд 90 он гарч нийгэм солигдон их хямралын жилүүд ирлээ. Боловсролын систем бүхэлдээ задарсан. Ялангуяа их дээд сургуулиудын баримталдаг байсан бодлого тогтолцоо. Хүссэн болгон нь их дээд сургууль төгсч болдог юм байна. Хар ажилчин байсны оронд цагаан захтан болж аль албан тасалгааны конторт суудал бөглөхийг чухалчлах болов. Арга ч үгүй биз хуучин нийгмийн үед дарга мэргэжилтэн хүн бусдаасаа арай илүү нэр хүндтэй, цалин хангамжтай амьдарч байсан юм чинь.
Нийгэм солигдож болно сэтгэлгээ солигдон өөрчлөгдөнө гэдэг их цаг хугацаа шаарддагийг монгол хүн өөр дээрээ бүрэн туршсан юм. Мөнгөтэй бол хүссэн мэргэжлээрээ хүссэн дүнтэйгээр төгсч болно. Диплом олноороо үйлдвэрлэгддэг цаас болон хувирлаа. Голдуу л эдийн засагч, улс төр судлаач, сэтгүүлч гээд нийгмийн салбарын мэргэжил рүү хошуурцгаана. Толгой нэг их өвдөхгүйгээр төгсчихдөг мэргэжил гэж бодно. Бодитой хийж бүтээх, бүтээн босгох мэргэжлийн боловсон хүчний эрэлт хэрэгцээ илтэд хомсдоод ирлээ. Үүнд нөлөөлсөн бас нэг хүчин зүйл бол хуучин ТМС-ийн бэлддэг мэргэжлийн ажилтан ажиллагсад байхгүй болжээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ алдагдсан хэрэг. Их дээд сургууль төгссөн дипломтой ажилгүйчүүд олноороо бий болов.
Монголдоо дөнгүүр гэгддэг компаниуд тухайн хүнийг ажилд авахдаа гуравдагч оронд их дээд сургууль төгссөн гэсэн үзүүлэлтийг голчилдог болжээ. Тэдний буруу биш. Дотооддоо мэргэжил эзэмшсэн нь гологдоод байгаа юм чинь. Ажлын ачаалал даах чадвар, мэргэжлийн төвшин, мэдлэгийн цар хүрээ нь багадаад байна. Ажлаа унагаалтай биш шаардлага тавих нь зүйн хэрэг шүү дээ. Монголын боловсролын жинхэнэ нүүр царай энэ л байна.
Боловсролын үнэ цэн гэж бий. Үнэндээ диплом бол тухайн мэргэжлээр хэр сайн, муу бэлтгэгдсэнийг илэрхийлж байгаа зүгээр л нэг баримт бичиг төдий л зүйл шүү дээ. Түүнээс биш амьдралын баталгаа огтоос биш. Их дээд сургууль төгссөн гэсэн шаардлага ажлын байрны зар, шалгуур дээр заавал дурдагдсан байдаг. Боловсролын систем, хөдөлмөрийн зах зээл, ажил олгогч нь ийм гаж буруу тогтолцоо руу улам бүр хэлтийгээд байвал бидний боловсрол мэдлэгт хандаж байгаа буруу жишиг хандлага хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Боловсрол олгохдоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй сайтар уях шаардлагатай байна. Ямар мэргэжилтэнг хэдий хэмжээгээр ойрын жилүүдэд бэлтгэх вэ гэдэг дээр яам нь үндэслээд тухайн мэргэжлийн сургуулиудад квот тогтоодог. Тэр хэрэгцээт газарт нь хөдөлмөрийн бирж нь зуучилдаг байвал дипломтой ажилгүйчүүдийн тоо зах зээлийнхээ жамаар эрс багасаад ирнэ. Өнөөдөр л гэхэд барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт мэргэжлийн боловсон хүчин маш их шаардлагатай байгаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд квотыг олгоод ажилд нь зуучлья л даа. Өнөөдөр хэрэгжиж байгаа ч нэг сайн боловсронгуй болж чадахгүй л байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ-боловсон хүчний суралцах буюу суралцаж байгаа квот-хөдөлмөрийн биржийн зуучиллагаа гэсэн системийг боловсронгуй болгоход нэг их төвөгтэй баймааргүйсэн.
Боловсрол мэргэжил олгож байгаа сургуулиудад нарийн аттестачлалд оруулах хэрэгтэй. Аттестачлал гэхээр манайхан танил тохой татсан, бүдүүн тойм маягийн шалгуур гаргачихаад баахныг нь үлдээгээд цөөнхийг нь түр хугацаагаар хаасан төдий болоод л өнгөрдөг. Тийм биш ээ. Кембриджийн гэж нэрлээд байгаа системд ямар сургуулийг Ерөнхий боловсрол, Техник мэргэжлийн болон их дээд сургуулийнх гэх вэ гэдгийг нарийн тодорхойлчихсон байдаг. Нэгэнт л тийм систем рүү орж байгаа л бол энэ журмаар аттестатчлах хэрэгтэй байгаа юм. Сургалтын материалаар бүрэн хангагдсан танхим, номын сан, оюутны дотуур байртай эсэх гээд олон шалгуур бий.
Олон жил улиг болон яригдаж байгаа Оюутны хотхоноо ч энэ шаардлага стандартын дагуу төлөвлөж барих шаардлагатай. Хамгийн гол шалгуур нь оюутны мэдлэг боловсрол байгаа чанарт анхаарах нь чухал. Олон улсын зэрэглэлийн боловсон хүчин бэлдэж чадаж байгаа л бол өндөр төлбөртэй байг л дээ. Чадалтай мэдлэгтэй хэрнээ амьдралын нөхцөл байдал тааруу төчнөөн оюутныг тэтгэлгээр заавал сургах ёстой гээд журамд нь заачихья. Сайн сурснаа тэтгэлэгт хөтөлбөрт олноор нь хамруулья. Ийм л тогтолцоо руу явахгүй бол ирээдүйн тэр хөгжил энэ тэрийн тухай сэрүүн зүүдлээд ч хэрэггүй болно.
Эцсийн эцэст улам бүр иргэншиж, улам бүр даяаршиж буй нийгэмд мэдлэгтэй, чадвартай гэдэг үзүүлэлтээс илүүгээр “иргэнлэг, хүнлэг” гэсэн шалгуур үзүүлэлт нэн чухал хэрэгтэй. Монголын минь боловсролын тогтолцооны шинэчлэлийн гол цэг нь эндээс л эхлэх болов уу. Үүний тулд цэцэрлэг сургууль шинээр барих, их дээд сургуулиа чанаржуулж хөдөлмөрийн зах зээлтэй нягт холбох олигтойхон төсөв хөрөнгийг төр засаг танаас нэхэж байна. Бид ...
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ