
Их Британийн түүхэнд төдийгүй дэлхийн улс орнуудын хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайдын албыг хашиж байсан хатагтай Маргарет Тэтчер 87 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр гэртээ амар тайван нойрсон хэмээн Их Британийн мэдээллийн агентлаг ВВС-д нийтэлсэн байна. Хатагтай Тэтчерийн биеийн байдал сүүлийн жилүүдэд тааруухан байсан. 10 жилийн дотор гурван ч удаа цус харваж тэнхээ муутай байсан аж. Түүний ойр дотныхны мэдээлж буйгаар Тэтчер амьдралынхаа сүүлийн жилүүдийг гэртээ өөрийн тухлах дуртай түшлэгтэй сандал дээрээ сууж, сонгодог аязуудыг сонсон нам гүмхэн амьдарч байсан гэжээ.
Энэхүү уй гашуут мэдээг дуулсан төрийн тэргүүнүүд одоогийн ерөнхий сайд Девид Кемэрон руу утасдаж, эмгэнэлийн цахилгаан ирүүлж байна. Цагаан ордноос илгээсэн ерөнхийлөгч Барак Обамагийн эмгэнэлд “Америкчууд сайн найзаа алдлаа. Хатагтай Маргарит Тэтчер бол жинхэнэ эх оронч, баатарлаг эмэгтэй байсан. Түүний хийж бүтээсэн зүйл, удирдаж байсан тэр цаг хугацаанд Их Британи төдийгүй дэлхийн бусад олон орон өөрсдийн чиглэлийг тогтоож хөл дээрээ бат зогссон. Тэрээр эх орондоо чин зүрхнээсээ хайртай нэгэн байсан билээ” гэсэн байв. Хатагтай Тэтчерийг оршуулах ёслолыг ирэх долоо хоногт зохион байгуулна хэмээн төлөвлөжээ. Түүнийг оршуулах ёслол Лондоны Сэнт Паулын сүмд болох аж. Ерөнхий сайд Девид Кемэроны мэдэгдэж буйгаар түүнийг Гүнж Диана нэгэн адилаар хатан хааны зэргээр оршуулах ажэээ.
Хатагтай Маргарит Тетчер британичуудын төдийгүй дэлхий дахины өмнө хүндлэл хүлээсэн гарамгай улстөрч байсан. Тэрээр 1979-1990 онд Их Британи Умард Ирландийн Вант улсын ерөнхий сайдын албыг хашсан юм. Энэ хугацаанд гурван удаагийн сонгуульд ялалт байгуулж түүхэнд тодоор бичигдсэн билээ. Хатагтай Тэтчер ерөнхий сайдын албан тушаалаасаа буусан ч өнөөдрийг хүртлэх үе үеийн ерөнхий сайдууд болох Жон Мейр, Тони Блэйр, Гордон Браун, Девид Кемэрон нарт гайхалтай зөвлөгч болсоор ирсэн.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ