Мартин Демикелис: Дортмундтай хийх тоглолтыг тэсэн ядан хүлээж байна
Испаний Малага клубын дасгалжуулагч Мануэль Пеллегрини аавынхаа оршуулгад очиж хүндэтгэл үзүүлэхээр төрсөн нутаг Чили улсыг зориод байгаа юм. Хэдийгээр Малага клуб аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарна гэдэг нь том амжилт ч гэлээ түүний хувьд хагас шигшээд багаа үлдээх зорилготой байгаа билээ.
Тэрбээр 2006 онд Испаний өөр нэгэн баг болох Вильярреал буюу шар усанд шумбагчдыг аваргуудын лигийн шөвгийн дөрөвт үлдээж байсан нэгэн. Гэхдээ Малагачуудын замд том саад байгаа нь хүчирхэг Борусси Дортмунд юм. Хоёр багийн өмнөх тоглолт Испанид явагдаж аль аль баг нь гоол оруулж чадалгүй хуурай тэнцсэн билээ.
Талбай дээрээ тоглох Борусси Дортмунд лигийнхээ хүрээнд өнгөрөгч бямба гаригт Аугсбургийг 4:2 харьцаатай хожиж бэлтгэл сайтай байгаагаа харуулсан. Харин Малагагийн хувьд Реал Сосьедадад мөн тооны зөрүүгээр ялагдсан байна.
Өнөөдрийн болох хариу тоглолтын талаар хамгаалагч Мартин Демикелис “Энэ тоглолт хүнд байх нь ойлгомжтой. Би Дортмундын талбай, цэнгэлдэх хүрээлэн ямархуу уур амьсгалтайг, хүнд дарамтыг эсрэг багтаа яаж үзүүлдгийг мэднэ.
Тэрхүү хүнд уур амьсгал дунд манай баг 100 хувь төвлөрч тоглох ёстой. Яг одоо бид тоглох мөчөө л хүлээж байна. Энэ тоглолт бусад лиг болон цомын тоглолтоос огт өөр байх болно гэдгийг манай багийнхан мэдэж байгаа. Бид өөрсөддөө итгэлтэй байж багтаа сайн үр дүн авчирна гэж найдаж байна” гэжээ.
Ж.Цогтсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ