Д.Батхуяг нарын гомдлыг хэлэлцэнэ

Баянгол дүүргийн шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард АМГ-ын дарга асан Д.Батхуягийг төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасч, таван сая төгрөгийн эд хөрөнгө хураан, 6 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Л.Даваацогтыг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч, гурван сая төгрөгийн эд хөрөнгө хураан, 6 жил хорих ял оногдуулж, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарыг тус бүр гурван сая төгрөгийн эд хөрөнгө хураан, 5 жил 1 сар хорих ял оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус тогтоосон юм.
Д.Батхуяг, Л.Даваацогт нар нь 2009, 2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр олгож, төрийн байгууллагын хуулиар хамгаалагдсан эрх ашигт хүнд хор уршиг учруулсан нь тогтоогдсон билээ. Тэд үүгээр зогсолтгүй, мөн шүүгдэгч С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нартай бүлэглэн "Саусгоби сэндс" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд зааснаар цуцлах тухай дүгнэлт гарсан байхад цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй, тус компанийн ашиг сонирхлын үүднээс үүссэн нөхцөл байдлыг ашиглан хясан боогдуулах замаар тусгай зөвшөөрлийг сэргээж, "Зэлэм" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтаар нотлогдсон юм.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ