Хүүхдүүд нисэх загварын онгоцоор өрсөлдөв
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохиогддог Техник технологийн олимпиадын хүрээнд Оюуны ундраа цогцолбор сургуулийн гадна талбайд нисэх загварын уран жолоодлогын уралдаан боллоо.
БШУЯ, Нийслэлийн боловсролын газар, Нисэх загварын улсын шигшээ баг хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд зургаан дүүргийн 15 хүүхэд өөрсдийн бүтээсэн нисэх загварын онгоцыг нисгэн, уран жолоодлогын чадвараараа өрсөлдөв. Энэхүү уралдааныг Монгени сургуулийн ивээл дор зохион байгуулж байгаа аж.
Монгени сургуулийн багш, спортын мастер Л.Гантулга “Нисэх загварын уралдаанд 30 гаруй хүүхэд бүртгүүлсэн ч 15 нь хүрч ирж энэ тэмцээнд оролцож байна. Жил бүр зохион байгуулдаг энэ тэмцээнд Налайх, Багануур, Багахангай дүүргийн хүүхдүүд сүүлийн хэдэн жил оролцсонгүй. Нисэх загвар, усан онгоцны загвар, авто загварын уралдаануудад хүүхэд багачууд оролцох нь техник технологийн мэдлэгтэй, мэргэжлийн чиг баримжаатай, аливаад тэвчээртэй ханддаг, гарын болон харааны мэдрэмж нь сайн хөгждөг. Өмнө нь “Залуу техникчдын ордон” гэж байхад өсвөр үеийнхэн олноор хүрэлцэн ирж, дугуйланд хичээллэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой байлаа. Нисэх загварын тэмцээнд л гэхэд хот хөдөөгийн хүүхдүүд өөрсдийн бүтээлээрээ оролцож, тэмцээн уралдаан ч илүү өрсөлдөөнтэй болдог байсан. Гэтэл одоо “Залуу техникчдын ордон” гэж зөвхөн хаалга нь харагдаж, ойр орчмынх нь газар барилга байшин баригдаж, хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрөөх боломж ч алдагдчихлаа. Нөгөө талаар дунд сургуулиудад зөвхөн хөдөлмөрийн багш л үүнд анхаарлаа хандуулдаг ч төсөв хөрөнгө, түүхий эд нь олдохгүй байдгаас энэ спортоор хүүхэд багачуудыг сургаж чадахгүй байна” гэлээ.
Нисэх загварын онгоцыг урлана гэдэг багагүй цаг хугацаа зарцуулж, маш нарийн ур ухаанаар урладаг бүтээл тул хүүхэд бүр уралдааны үед онгоцоо зөв жолоодож, уран нислэг үзүүлэхийг хичээж байлаа. Гэвч зарим хүүхэд онгоцоо гараанаас гарахад, нислэгийн явцад алдаа гаргаж, хэдэн сарын хөдөлмөрөө газарт унагах агшинд сэтгэл нь ихэд хямарч байгаа нь илт мэдэгдэж байв.
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хийж бүтээх, түүнийхээ төлөө чармайх хүсэл эрмэлзлийг төрүүлсэн нисэх загвараар хичээллэж байгаа хүүхдүүдээр бахархах сэтгэл төрсөн. Гэсэн ч нийслэлийн хүүхэд багачуудын дунд зохиогдож байгаа тэмцээн гэж бодохоор хэдэн дунд сургуульд хичнээн хүүхэд суралцаж байгаа билээ. Ердөө 15-хан хүүхэд өрсөлдөж байгаа нь чамлалттай санагдсанаа нуух юун.
П.Наран Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ