Тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

img

  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдлаа. Хуралдааны эхэнд “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү санаачлан боловсруулсан бөгөөд тэрээр төслийн танилцуулгыг хийсэн юм. Монгол Улсын түүх, зан заншил, уламжлал, хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг зэрэг олон салбарыг гадаадын олон улс оронд таниулахад чиглэсэн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, холбоод, эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, нэгдсэн зохион байгуулалтад оруулж төрийн бодлого, эдийн засгийн туслалцаа дэмжлэгтэйгээр Монгол судлалыг хөгжүүлэхэд тогтоолын зорилго оршиж байгаа аж. Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал хэлж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Хуралдааны явцад гишүүдийн зүгээс шинжлэх ухааны салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх асуудлыг дэмжиж байсан бөгөөд харин тогтоолын төсөл энэ хэлбэрээрээ болж байна уу үгүй юу гэдэг дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж, статус, бүтэц зохион байгуулалт, хамрах хүрээг нь тодорхой болгож зөв шийдэл гаргах хэрэгтэйг  хэлж байсан юм. Эцэст нь тогтоолын төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэв.Хуралдааны удаах асуудал “Засгийн газарт үүрэг өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудал байлаа. Өмнө нь уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан бөгөөд энэ удаад тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Тогтоолоор төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинээр баригдаж байгаа барилгын зориулалтыг өөрчилж Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газрын контор болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь холбогдох бодлого, хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Засгийн газарт үүрэг өгөх тухай асуудлыг хөнджээ. Хуралдаанаар эхлээд эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүнээс 9 гишүүн уг саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ.Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Тлейхан, О.Баасанхүү, Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ нарын гишүүд байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг асуудлаархи хууль тогтоомжийн талаар тайлбар хийж хуулиа биелүүлэхэд онцгой анхаарч санал дүгнэлтээ гаргахыг хүсэж байлаа. Цаашид Байнгын хорооноос уг асуудлаар маргалдах талуудыг оролцуулалгүйгээр хөндлөнгийн мэргэжлийн хүмүүс оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

.....:
Энэ эмнэлэгийг устгах маш том эрх ашиг явж байгаа юм байна даа.
2013-04-10