Байерн Мюнхен хагас шигшээд гоол алдалгүй шалгарлаа

img

Италийн Турин хотноо явагдсан Байерн Мюнхен болон Ювентус клубуудын Аваргуудын Лигийн шөвгийн наймын хариу тоглолтод зочин баг Байерн хожил авч дараагийн шатанд шалгарлаа. Хоёр багийн тоглолтын эхний үед аль аль баг гоол оруулж чадаагүй бол хоёрдугаар үеийн 64 дах минутад зочин багаас Хорватын шигшээн шилдэг довтлогч Марио Манжукич тооны харьцааг нээсэн байна. Уг тоглолтод Бьянконери буюу цагаан харуудын бүрэлдэхүүнээс чухал хоёр хамгаалагч болох Чилийн Артуро Видал, Швейцарийн Стефан Лихтштайнер нар тоглоогүй. Энэ нь ч тэдний хамгаалалтыг илт сулруулсан нь мэдэгдэж байлаа.

Эхний гоолыг талбайн эзэд алдсанаар тэдэнд шөвгийн дөрөвт үлдэхийн тулд дөрвөн гоол оруулах зайлшгүй шаардлага тулгарсан юм. Тиймдээ ч тэд тоог тэнцүүлэн улмаар илүү гарахыг хичээж байсан ч чадалгүй явсаар хоёр багийн хувь заяа нэгэнт тодорхой болсон байх үед зочин баг Байернаас сэлгээгээр орж ирсэн Перу довтлогч Клаудио Писарро гоолдон эцсийн цэгийг тавьсан. Ийнхүү нийлбэр дүнгээр 4:0 харьцаатай Германы баг хагас шигшээд шалгаран үлдлээ.

Ингэснээр шөвгийн дөрөвт Герман, Испаний тус бүр хоёр баг шалгарч үлдсэн нь Байерн Мюнхен, Борусси Дортмунд, Реал Мадрид, Барселона юм. Уг дөрвөн багийг хоорондоо хэрхэн оноолт тааран тоглохыг баасан гарагт явуулах сугалаагаар тодруулан зарлах билээ.

Ж.Цогтсайхан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ