Каталончуудыг Педро аварлаа
Испаний алдарт Барселона клуб Францын шилдэг багуудын нэг Пари Сен Жерментэй Аваргуудын лигийн шөвгийн наймын хариу тоглолтоо Камп Ноу цэнгэлдэх хүрээлэндээ хийлээ. Хоёр багийн өмнөх тоглолт Францын нийслэл Парис хотноо явагдаж 2:2 харьцаатай тэнцээгээр өндөрлөөд байсан юм.
Тиймээс энэ тоглолтод талбайн эзэн барсачууд хоёроос бага гоолоор тэнцсэн тохиолдолд цаашид шалгарах боломжтой болоод байсан билээ. Барселона хотод явагдсан тоглолтыг Каталончуудын амин чухал тоглогч, өнөө цаг үеийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси бүрэн эдгэж амжаагүй бэртлийн улмаас сэлгээний суудлаас эхлүүлсэн. Тиймдээ ч барсачуудын урд шугам эхний хагаст төдийлөн үр дүнтэй довтолгоог хийж чадахгүй байв.
Үүнийхээ горыг хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад амссан. Зочин баг ПСЖ сөрөг довтолгоонд шилжихэд Шведийн шигшээн шилдэг довтлогч Златан Ибрахимович багийн анд Хавьер Пасторед уралдуулсан дамжуулалт өгч түүнийг нь ч Аргентин довтлогч алдалгүй ашиглан чулуу болгосноор Францын баг тооны харьцааг нээжээ.
Үндсэн цагийн 50 дах минутад орсон гоолоос хойш 12 минутын дараа Барселона багийн дасгалжуулагч Тито Виланова талбайд илт үгүйлэгдэж байсан Лионель Андрес Мессиг талбайд гаргав. Сэлгээгээр орж ирсэн даруйдаа Лео Месси багтаа ус агаар мэт дутагдаж байсныг батлан харуулж багийнхаа довтолгоог сэргээж эхэлсэн.
Түүний эхлүүлсэн довтолгоогоор 71 дэх минутад Педро Родригес гоол оруулж тоог 1:1 болгон тэнцүүлсэн юм. Үүнээс хойш аль аль баг гоол оруулж чадалгүй нийлбэр дүн 3:3 болж тэнцсэн ч эсрэг багийн талбайд олон гоол оруулсан гэдэг үзүүлэлтээрээ Барселона клуб Аваргуудын лигийн хагас шигшээд шалгаран үлдлээ.
Ж.Цогтсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ