
"Горбачев" хэмээх телевизийн цуврал кинон дээр Холливудын супер одууд болох Том Хэнкс, Леонардо Ди Каприо нар хамтран ажиллахаар болсон байна. Тэд тус тусын продакшн болох "Appian Way", "Playtone"-аар дамжуулан "HBO Films"-тэй хамтарч ерөнхийлөгч асан Михаил Горбачевын намтарчилсан киног хийхээр болжээ.
Уг кино нь Горбачевын төр барьж байсан үе болон "Хүйтэн дайны" төгсгөл, ЗХУ задран унасан зэргийг харуулах аж. "Hell On Wheels" телевизийн шоуны зохиолч, продюсер Жон Шибан кино зохиолыг бичиж байгаа гэнэ. ЗХУ-ын анхны бөгөөд сүүлчийн ерөнхийлөгч Горбачев өөрөө тус киноны зөвлөхөөр ажиллахаар болжээ.
Ди Каприо, Хэнкс нараас гадна Женнифер Киллоран, Гэри Гоецман, Кэйт Аддис нар гүйцэтгэх продюсерээр сонгогдсон байна. Энэ кино нь Том Хэнксийн "HBO"-тэй хамтран ажиллаж буйн ээлжит нэгэн тохиолдол болж буй. Үүний өмнө тэрбээр "Game Change" хэмээх улс төрийн сэдэвт цувралыг продюсерлэсэн бол "Band of Brothers", "The Pacific" зэрэг жижиг цувралуудад гүйцэтгэх продюсерээр ажилласан юм. Мөн Том Хэнкс, Леонардо Ди Каприо нар урьд нь "Catch Me If You Can" кинонд хамтран гол болон туслах дүрд тоглож байсан билээ.
Ж.Цогтсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ