Гадаадад амьдарч буй монголчуудын саналыг урьдчилж авна
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар ирүүлсэн Сонгуулийн ерөнхий хорооны саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ц.Нямдоржоос өөр асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2013 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг 2013 оны зургадугаар сарын 26-ны өдөр явуулах, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2013 оны зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар болж байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ