Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар УИХ-ын гишүүний суудлын төлөө дахин өрсөлдөхөөр болсон билээ. Гурван мандаттай Сонгинохайрхан дүүргийнхэн “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн Д.Тэрбишдагва, АН-аас нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэг нар хэдийнээ УИХ-ын гишүүн болсон. Харин энэ сарын 14-нд буюу ирэх ням гарагт гурав дахь төлөөллөө сонгох юм. Өнгөрсөн жилийн сонгуулиар АН-ын нэр дэвшигч Л.Эрхэмбаяр 26.9 хувийн, МАН-ын нэр дэвшигч Д.Сумъяабазар 25.1 хувийн санал авч гурав, дөрөвт эрэмбэлэгдсэн тул дахин сонгууль явуулахаар болсон юм. Учир нь УИХ-ын сонгуулийн тухай хуулиар сонгогчдын 28 хувийн санал авч байж УИХ-ын гишүүн болох ёстой. Тэгэхээр энэ удаагийн дахин сонгуулиар УИХ-ын танхимд сууж буй 74 гишүүн дээр хэн нь нэмэгдэх нь тодорхой болох юм.
Харин өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар тойрогт дахин сонгууль явуулахтай холбогдуулан МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгч Ж.Сандагсүрэн нар Тусгаар тогтнолын ордонд мэдээлэл хийлээ. Хурлын үеэр Улсын Их хурлын 26 дугаар тойрогт болох дахин санал хураалт энэ сарын 14-ний өдөр товлогдсон бөгөөд АН-аас явуулж буй хууль бус үйлдлүүдийн талаар баримт дэлгэхээ мэдэгдэв. Энэ нь МАН-ын зүгээс аливаа зөрчлийг гарсны дараа бус аль болох ийм зөрчил дахин гаргахгүй байх, төрийн албан хаагч жирийн иргэдийг хууль бус үйлдэлд татан оролцуулахаас урьдчилан сэргийлэх зорилго агуулж байгаа гэлээ.
Тэд энэ үеэр өнөөгийн төрийн эрх барьж буй АН, тус дүүргийн АН-ын албан тушаалтнууд үүнийг үл тоомсорлон дахин санал хураалтаас өмнө сонгогчдын дунд сурталчилгаа хийх, хөнгөлөлттэй болон үнэгүй үйлчилгээ үзүүлэхийг хориглосон хуулийн заалтыг ил цагаан зөрчиж төрөл бүрийн бохир арга хэрэглэж байна. Уг хууль зөрчсөн ажиллагааг Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд, түүнд нэр дэвшигчид толгойлон хийж байгаа нь туйлын харамсалтай байна. Ер нь сүүлийн үед хууль сахиулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Ардчилсан намын энэ мэт удирдлагуудаар толгойлуулсан орон нутаг дахь удирдах ажилтнууд намайг хэн хэлэх вэ гэсэн хандлагаар аливаа зүйлд хандан, хэт бардаж, хууль зөрчиж байгаагаа энгийн үйлдэл мэт авирлах болсонд бид туйлын их зэвүүцэж байна гэв.
Тухайлбал:
Баримт-1 Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Шинэчлэлд сэтгэл хэрэгтэй” нэртэй уулзалтыг энэ сарын 13-ны өдөр “Буянт Ухаа”-д байх спорт цогцолборт хийхээр төлөвлөөд байгаа тухайгаа Сонгинохайрхан дүүргээр тараагаад байна. Уг уулзалтдаа Сонгинохайрхан дүүргээс 300 төрийн жинхэнэ албан хаагчыг өөрсдийн үзэмжээр сонгон оролцуулахыг намынхаа ажилтнуудад даалгасан байна. Үүнийг бид маргааш нь буюу 14-ны өдөр болох дахин санал хураалтад нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна.
Баримт-2 УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хороодын бүх хэсгийн ахлагчдыг өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөрт хуваан Төрийн ордонд дуудан зоог барьж, Есөн хөлт цагаан туганд мөргүүлэх зар тараагаад байна. Энэ үеэрээ Л.Эрдэнэчимэг гишүүн хороодын ахлагч нарын нийгмийн асуудлыг сонсох, цалинг нь нэмэх санал авах, нийгмийн даатгалд хамруулах гэсэн гурван асуудлаар ярилцана гэсэн зар түгээгээд байна.
Баримт-3 Өнөөдөр 10.00 цагаас Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн 7,8,9,10,28 дугаар хорооны иргэдийг Нийслэлийн иргэний танхимд дуудан уулзаж ухуулга хийх зар тараасан. Уг уулзалтаа “Хотын дахин төлөвлөлт” гэсэн гоё нэрээр халхавчлаад байна. Сонгуулиас хойш сураггүй байсан дарга нар гэнэт Сонгинохайрхан дүүрэг рүү хандсан үйл ажиллагааг бөөнөөр нь дахин санал хураалт явах өдрийн өмнө хийж байгааг зохион байгуулалттай иргэдийн саналд хүчтэй нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэж байна.
Баримт-4 Ардчилсан нам дахин санал хураалтад оролцогч байж 26 дугаар тойргийн нутаг дэвсгэр Ардчилсан намын 23 жилийн ой гэсэн зурагт самбар байрлуулсан.
Баримт-5 Сонгинохайрхан дүүргийн хороодын өрхийн эмнэлгүүдээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэгийн хувийн компани болох “Монос”-ын витаминжуулалтын аян нэрийн дор Л.Эрхэмбаярын сурталчилгааг байнга хийж байгаа.
Баримт-6 Хороодын өрхийн эмнэлгүүд үнэгүй үзлэг хийх нэрийн дор бүх айлуудаар орон эмч ажилтнууд нь шууд Л.Эрхэмбаярыг сонгоорой хэмээн сурталчилгаа хийж байгаа.
Баримт-7 Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Морин уралдаан зохион байгуулсан. Энэ үеэр мөн л Л.Эрхэмбаярын сурталчилгаа явсан.
Баримт-8 FM101,7-гоор өчигдөр буюу 10-ны өдрийн оройн 18.30 цагийн орчим улаан цайм сурталчилгааны нэвтрүүлэг явууллаа. Эл нэвтрүүлгээрээ манай нэр дэвшигчийн нэр төрд халдан “Монголчууд бөхө дсаналаа өгөхгүй” гэх мэтээр ярьж суртал ухуулга хийлээ.
Баримт-9 Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороодын өрхөөр гуравдугаар сард Ардчилсан намын өмнөх сонгуулийн сурталчилгаанд явж байсан эмэгтэй ороод гарахдаа нарийн судалгаа аваад эргэн холбогдоно оо гэж явсан байдаг. Гэтэл өнөөх эмэгтэй энэ сарын 9-ний өдөр судалгаа авсан айлуудтайгаа эргэж холбогдон 25 кг-ын гурил, 2 кг цагаан будаа, 00-ын цаас, талх, вок зэргийг торонд хийн 87-50 УНН улсын дугаартай ногоон өнгийн старекс, 88-29 УБН улсын дугаартай ногоон өнгийн хьюндай маркын машинуудаар тараалаа.
Баримт-10 СХД-ийн газрын албаны нэр бүхий ажилтан сонгуулийн сурталчилгаа хийсэн, нэн ядуу иргэдэд үзүүлэх халамжийн үйлчилгээний төрөл болох үнэгүй хүнсний талоныг Ардчилсан намын төлөө санал өгөх амжиргааны түвшин харгалзахгүй иргэдэд өгсөн.
Баримт-11 “ЭЙЧ ЖИ ЭС ЭМ” компанийн “Хашчулуун” нэртэй сувилалд өдөрт л 30 хүнийг үнэгүй эмчилж, үйлчилж байгаа. Энэ ажиллагааг дүүргийн Халамжийн газраас зохион байгуулж байна. Хуулиараа халамжийн газраас эмзэг бүлгийнхэн болон өндөр настнуудыг сувиллуудтай гэрээ байгуулан сувилуулдаг ч үнийн дүнгийн 50 хүртэлх хувийн хөнгөлөлт л олгодог журамтай. Гэтэл энэ удаад өдөр 30-аар нь хүн зөөн сувилалд явуулж байгаа бөгөөд эмчлүүлэхээр ирсэн иргэдийг үзэх явцдаа сувилагч нар нь “Та нарыг Л.Эрхэмбаяр л ингэж сайхан үнэ төлбөргүй эмчлүүлж байгаа юм шүү. Түүнийг дэмжээрэй” хэмээн ухуулга хийж байгаа болно.
Баримт-12 Энэ сарын 6-ны өдрийн 16.00 цагийн орчим 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л.Эрхэмбаярыг дэмжээрэй Ардчилсан намын гишүүн н.Цэдэн-Иш ухуулга хийж явахад нь иргэн Р.Отгонбаяр тааралдан хууль зөрчиж байгааг нь сануулсан байна. Гэтэл н.Цэдэн-Иш ихэд уурсан Р.Отгобаярын толгой руу цохиж танхайрсан байгаа юм. Мөн тус дүүргийн бүх хороодод Ардчилсан намын шат шатны дарга нар хавтгай архидалт зохион байгуулж байгааг иргэд мэдээлсээр байна. Харин бид ийм үйлдэл гаргасан бол аль хэдийн нэр дэвшигчээ татуулах байсан. Хууль ялгавартай үйлчилж байна.
Одоо та бүхэнд бидний хувьд байж боломгүй гэж үзэж байгаа бас нэгэн хууль бус үйлдлийг дэлгэе гэж бодож байна.
Баримт-13 Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Одонтунгалагтуул сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай хамт багш, ажилчдад Л.Эрхэмбаярыг дэмжин санал өгүүлэх тухай үүрэг өгсөн. Энэхүү уулзалтаараа нэг багш дор хаяж 20-с доошгүй эцэг эхийг Л.Эрхэмбаярын төлөө санал өгүүлэх үүрэг хүлээлгэсэн байна. Үүргээ биелүүлэхгүй багшийг санал өгөхөөс татгалзсан эцэг, эхийн хүүхдүүтэй нь хамт сургуулийнхаа алслагдсан салбар Тахилтын сургууль руу хуваарилахаар өөрөөр хэлбэл хөөхөөр хүний санаанд оромгүй байдлаар дарамталсан байна. Хол сургуульд хуваарилагдахаас айсан багш нар ч ажилдаа орсон эцэг эхчүүд ч үүргээ биелүүлэхээр амлалтаа аваад эхэлчихсэн байна.
Хуулийн дээр гишгэлэн, УИХ-ын сонгуулиар ард түмний өгсөн итгэлийг хэтрүүлэн хууль бус үйл ажиллагаандаа ашиглаж, шүүх цагдаа, сүр хүчээрээ далайлган эрх мэдлээ улам бүр нэмэгдүүлж байгаагийн хамгийн ойрын жишээ гэхэд л Сонгинохайрхан дүүргийн ИТХ-д ард түмний олонхийн санал авсан МАН хуулийн дагуу Засаг даргаа томилуулж чадалгүй эвссэн нэрийн дор АН-ын хүчээр томилсон Засаг даргатай ажиллаж байна. Ялагдсан бөхийг туг тойруулдаг шударга бус ийм засаг тогтсоноос болоод одоо дүүрэгт олон ажил унаж, олон ажил зогсож, шинэчлэгдэх байтугай зарим талаар хуучин хийдэг байсан ажлуудаа ч хийж чадахгүй байдалд байгааг бид харж байна. Тиймээс дахин сонгуульд оролцогч иргэд шудрага сонголт хийхийн тулд бидний дэлгэсэн баримтыг нягталж үзнэ гэдэгт итгэж байна хэмээн хурлыг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.
П.Наран