
Үндэсний сагсанбөмбөгийн холбооны Бруклин Нэтс багийн хувьцаа эзэмшигч рэппер Jay-Z өөрийн хувьцаагаа зарж тоглогчдын төлөөлөгч болохоор шийджээ. Лигийн дүрмээр багийн хувьцаа эзэмшигч нь хувь тоглогчийн төлөөлөгч байж болдоггүй аж. Иймээс тэрбээр хувьцаагаа зарахаар болсон байна.
Тэрбээр багийн ердөө нэг ч хүрэхгүй хувийг эзэмшдэг ч Нэтс баг Нью Жерси хотоос нүүн Бруклинд ирэхэд чухал нөлөө үзүүлсэн билээ. Хувьцаагаа зарах үйл явц нь дуусах шатандаа орж бичиг цаасны ажил аль хэдийнэ бэлэн болсон гэж эх сурвалж мэдэгдсэн байна. Хэрэв боломжтой бол улирал дуусахаас өмнө энэхүү асуудлаа цэгцлэн зуны драфтад тоглогчдын төлөө өрсөлдөхөөр зэхэж байгаа ажээ.
Түүний "Roc Nation" компани спорт болон урлаг соёлын төрлөөр дагнан үйл ажиллагаагаа явуулдаг Америкийн томоохон төлөөлөгчийн агентлагуудын нэг "Creative Artists Agency"-тай хамтрахаар болсон байна. Леброн Жеймс болон бусад спортын алдартнуудтай найз нөхдийн холбоотой байдаг Jay-Z буюу Шон Картерийн "Roc Nation" компани төлөөлөгчийн зах зээлд түргэн байр сууриа эзэлнэ гэдэгт итгэлтэй байгаа юм. Одоогоор түүний компани бейсболийн Нью Йорк Янкиз багийн Робинсон Каног өөрсдийн хамтрагч болгож амжжээ.
Ж.Цогтсайхан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ