
БНХАУ-д илэрсэн томуугийн A(H7N9) вирусын улмаас 11 хүн нас бараад байна. Түүнчлэн 18 хүний биеийн байдал хүнд, бусад нь тогтвортой, 4 настай хүүхдийн биеийн байдал сайжирсан мэдээтэй байна. Одоогийн байдлаар нийт 44 хүнд энэ өвчний шинж тэмдэг илэрчээ. Өвчтөнд өндөр халуурах, ханиах, цустай цэр гарах, суулгах, ядрах, булчин зангирч өвдөх, толгой өвдөх, хоолой өвдөх, амьсгалын замын халдварын шинж тэмдэг 5-7 хоногийн хугацаанд илэрч, зарим өвчтөн хүндэрч, уушгины хүнд хатгалгаа, амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгалын замын дистресс хамшинж илэрч, нас барсан байна.
Бүртгэгдсэн тохиолдлууд нь тахиа шувуутай харьцаж байсан, 40 хувь нь гахай, шувууны мах борлуулагч, түгээгч, тогооч, фермерийн ажилчин хүмүүс байгаа юм байна.
Уг халдвар хүнээс хүнд халдсан тохиолдол одоогоор гараагүй байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр Хятадын нийслэл Бээжин хотод энэ өвчин илэрээд байгаа талаар Синьхуа агентлаг өнөөдөр мэдээлжээ. Хятадын албаныхны мэдээлснээр Бээжин хотод вирусын халдвараар долоон настай хүү өвчлөөд байгаа бөгөөд түүний бие маш муу байгаа юм байна. Иймээс уг халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэдэд зөвлөж байна. Үүнд:
- БНХАУ-ын Шанхай хот, түүнийг тойрсон Жиангсу, Жежианг, Анхуй мужуудад шувууны гарвалтай томуугийн A(H7N9) вирүсээр сэдээгдсэн хүний өвчлөл, нас баралт гарч хурдан нэмэгдэж байгаа тул онцын шаардлагагүй бол БНХАУ-д, ялангуяа уг халдвар тархаж буй хот, мужуудад аялах, зорчих, зочин урих ажлаатүр хойшлуулах.
- Хувийн ариун цэврийн дэглэмийг сайтар сахих, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах.
- Гараа сайтар савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх, нус цэрээ ил хаяхгүй байх, ханиаж найтаахдаа амаа дарах, салфетик хэрэглэх.
- Шувууны гаралтай бүтээгдэхүүнтэй болгоомжой харьцах, бүрэн боловсруулж хэрэглэх ба эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах.
- Тагтаа, галуу мэтийн зэрлэг шувуу барьж, агнаж болохгүй, өвчилсөн, үхсэн шувууны сэг зэм, сангастай харьцахгүй байх, усны шувуутай гол нуурын усыг аль болох хэрэглэхгүй байх, хэрэглэх бол заавал буцалгаж хэрэглэх.
- Биеийн эсэргүүцлийг сайжруулах, аминдэмээр /витамин С, чацаргана, аарц/ баялаг хоол, хүнс хэрэглэх.
- Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агааржуулалт хийж байх
- Хэрэв халуурах, ханиах, толгой, хоолой, булчингаар өвдөх, ядрах, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг томуугийн шинж тэмдэг илэрвэл эмчид хандах.
- Эдгээр сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүн амыг үнэн зөв мэдээллээр цаг алдалгүй хангах ажил зохион байгуулах
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ