
Залуу үе маань сайхан болжээ. Боловсролтой бол боловсролтой, мэдлэгтэй бол мэдлэгтэй. Алийн болгон муулах вэ. Хүмүүжил ёс суртахуунгүй, хүний мөсгүй гэхчлэнгээр ахмадууд муулж байхыг бишгүй дээ л харж сонслоо. Одооны энэ хүүхдүүд үү гэх үгийг хаана хэзээ ч бид сонсч л байна. Энэ цаг үед ямар үр суулгана ирээдүйд тийм л ургац хурааж авна гэх Энэтхэгийн сартваахь Неру нэгэнтээ хэлсэн байдаг. Үр хүүхэд чинь эс таалагдаж байгаа бол та залуу зандан насандаа тийм л үр тарьж. Таалагдаж байгаа бол таны амьдрал үр дүнтэй өнгөрчээ. Мөн л энэ утгаараа таны нэгэн үеийнхэн өнөө цагийн залуусын үр үндсийг тарьж, ургаж соёолуулсан байна гэсэн үг. Нийгэм өөрчлөгдөхийн торгон зааг дээр төрсөн хүүхдүүд өнөөдөр эрийн цээнд хүрчээ. Тэс өөр нийгмийн бүтээгдэхүүн бидэнд энэ шинэ нийгмийн олон зүйл их л харь хөндий санагдана. Адлаж эсэргүүцэж аашилж загнамаар, өхөөрөдөж баярлаж бахархмаар. Сайн нь муугаасаа хавьгүй их байгаасай. Бурхан зүг өөд өө. 90-ээд оны эхэн үед улс төрийн товчоог огцруулж, жагсаал цуглаан зохион байгуулж өлсгөлөн зарлаж дүрсгүйтэж явсан жаалууд өнөөдөр хижээл насныхан болцгоожээ. Гол нь тэр үеийн залууст хахир хатуу тэр л нийгмийн тогтолцоог эсэргүүцэх зорилго, тэмцэл дүүрэн зориг тэмүүлэл үүрэг хариуцлага байсан. Ардчилалгүй хуучин нийгэмдээ үлдэж түмний шившиг болох уу. Дэлхийн жишгийг дагах уу. Тухайн цагийн төрийн удирдлагууд ч тэдний санаа зорилгыг зөв ойлгосон. Ганц оготно нүхэндээ хийгээд бэлчээртээ хамраасаа цус алдаагүй юм шүү. Ахмад залуу үеийнхний гайхалтай нэгдлээр юунд хүрч болдгийг монголчууд харуулсан шүү. Тухайн үед румынчүүд төрийн тэргүүн Чаушескогоо буудан хороож, оросууд улаан талбай дээрээ танкийн цуваа оруулж ордон руугаа буудаж, Югославт ах дүүсээ хядсан иргэний дайн болж байсан юм шүү. Шинэ үеийн залуусын төсөөлж байгаагүй үйл явдал тэр үед өрнөж байв шүү дээ. Давснаас өөр бараагүй дэлгүүр сард нэг удаа картын бараанд дугаарлаж, хойшоо урагшаа ганзагын наймаанд гүйлдэж байлаа.
Тэр үеийг хараагүйдээ залуус та нар буруугүй. Та нар өнөөдрийг цогцлоон бүтээх гэж төрсөн. Ахмад үе нь ч гэсэн хатуу хөтүүг туулагүйд нь бухимдах хэрэггүй. Эд маань тэс өөр нийгэмд тэс өөр замналаар улс орноо жолоодно. Өнөөдөр нийгэм харьцангуй төлөвшлөө. 90-ээд оны эхэн үеийн хувь хүний зорилго мөрөөдөл өнөөгийнхөөс тэс өөр болсон шүү. 10 жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй. Эрүүл саруул нийгэмд эрүүл саруул оюун санаа, мэдэлг боловсрол, аж төрөх ёс хаанчилдаг. Өнөөгийн нйигэм эрээн алаг байгаа нь ч үнэн. Тасан хар байснаас арай дээр ч гэлээ үүнээс илүү цайрах учиртай. Үүнийг залуу үе маань л хийнэ. Тэд бол өмнөх нийгэмд ажиллаж амьдарч байгаагүй. Бидэн шиг хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын арвич хямгач байж нэгдүгээрт нийгмийн өмчийг хайрлан хамгаалагч байх тангараг өргөөгүй цоо шинэхэн залуу үе. Өнөөдөр тэдний үе иржээ. Хүний хөдөлмөрийн үнэ өөрийн нэр төр, хүндэтгэлээ эрхэмлэн хэний ч хараат бусаар хөл дээрээ боссон эрдэм мэдлэг, боловсрол тэгш амьдралаа аваад явчих хэмжээний орлого хуримтлал бүхий хувь хүнээ бие болгох учиртай. Эхлээд хувь хүн болон төлөвш. Өөрийнхөө асуудлыг шийдэж чадаагүй байж юун монгол улсаа аврах, юун дэлхий солиртой мөргөлдөх, хаа байсан Африкийн аль нэг улсын иргэний дайн, террористуудын халдлагад санаа зовниж суух. Мэдээж олон асуудал бий л дээ.
Гэхдээ л чи өөрөө хувь хүн болж чадахгүй бол тэр их олон асуудлын ганцад нь ч олигтойхон дуугаа өргөчих тэнхээгүй, шийдчих эрх мэдэл ч үгүй байна шүү дээ. Гэртээ ганц дугуй талх өнхрүүлээд харьж чадахгүй байж тэнгэрийн юм яриад яах вэ дээ. Үүний тулд боловсор, мэдлэгж нийгэм дэх өөрийн байр сууриа ол. Санхүүгийн хувьд ижий ааваасаа хамааралгүй болчих. Амьдрал тэртэй тэргүй шийдэж болох болохгүй олон асуудлаар дүүрэн. Болохгүй асуудал ч гэж юу байх вэ дээ гол нь шийдэгдэх цаг хугацаа нь болоогүй байгаа хэрэг. Алив бүхэн дэс дараалалтай. Монголчууд ярьдаг шүү дээ. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас аа гэж. Нийгмийн зарим харилцаа болохгүй байгаа нь үнэн. Авлига хээл хахууль цагааныг хараар будаад байгаа нь үнэн. Цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байгаа нь ч үнэн. Тэглээ гээд архи ууж агсам тавиад амьдрал ахуйгаа үрээд байвал чи л хохирно. Гарц ямагт байж л байдаг. Чиний үеийн монгол залуус эх орныхоо нэрийг дуурсгаад дэлхийд зартай Майкрософт-д программ зохиож, хамгийн үнэтэй тансаг машин зохион бүтээж, НҮБ-ын индэр дээр уртын дуугаа хадааж, олимпийн аварга болцгоож байна шүү дээ. Юманд оройтно гэж хэзээ ч байдаггүй гэдэг шүү дээ. Хоцрох юун.

Баялгийг бүтээнэ гэдэг хөрөнгө мөнгө төдийхөн цуглуулахыг хэлэхгүй. Өөрөө өөртөө эзэн байх ухааныг л олох хэрэгтэйг хэлээд байгаа юм. Тэр ухааныг олохын тулд боловсрол хэмээх их нуурын хөвөөнд мэдлэг хэмээх загасыг хичээл зүтгэл хэмээх уургаар дэгээдэн барьж гэмээнэ тэр чинь чиний сагсанд ухаан болон үлдэх болно. Тэр ухааныг чамаас хэн ч булааж чадахгүй. Хүн болгон сайд дарга, эрдэмтэн мэргэн болох алба байх ч үгүй. Өөрийн болгосон бүхэндээ эзэн сууж гэмээнэ чиний оршихуйд нөлөөлж чадахгүй. Давуу чанараа үргэлж зүлгэж өнгөлж байх хэрэгтэй. Өөрийнхөө үнэлэмжийг ямагт мэдрүүлж байх хэрэгтэй. Тэглээ гээд онгирч сагсуур гэж байгаа юм биш шүү. Өөрийнхөө мэддэг чаддаг зүйлд яагаад бардам байж болохгүй гэж. Тийм биз дээ, залуус аа. Монголчуудын нийтлэг давуу чанар бол дасан зохицох чадвар. Хэдийд ч хаана ч ямар ч нөхцөлд маш хялбархан дасан зохицоно. Энэ чадвар чамд өвлөгдсөн л байж таарна. Хэл сурах онцгой авьяас бидэнд бий. Алтайн язгуурын хэлний хамгийн төвөгтэй авиа дуудлага бүхий хэлтэй болохоор давуу талтай байж болох л юм. Эцэг өвгөөс чинь ийм сайхан төрөлх чанар өгчихсөн бол ядахнаа өөрийн хэлнээсээ гадна хэд хэдэн хэл сурчихад болохгүй нь юу байх билээ. Ертөнцийг тийм л олон цонхоор харна гэсэн үг. Нөгөөх мэдлэг ухааны загасыг тэр хэрээр хялбархан гогдоод л авчихна шүү дээ. Би ирээдүйдээ итгэл дүүрэн. Сэтгэл бардам бахархахгүй байхын ч аргагүй. Бага зэрэг хичээвэл манай залуус тулах цэг өгөөч би ертөнцийг эргүүлье гээд итгэлтэй хэлнэ дээ.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ