
"Бор-Өндөр сум байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудал өнгөрсөн баасан гариг гишүүдийн дунд нэлээд маргаан дэгдээж талцуулж орхисон. Арга ч үгүй энэ тосгон сонгуулийн үеэр нэлээд үүрэг гүйцэтгэдэг болохоор ингэж анхаарал хандуулах нь аргагүй юм. Үүнд Бор-Өндөрийн засаг захиргаа, удирдлагуудын амбиц их байгаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 57-3-т заасныг баримтлан Хэнтий аймгийн Дархан сумын таван багийн иргэдийн нийтийн хурал, Дархан сумын ИТХ-аас Дархан сумыг хэвээр үлдээж, шинээр Бор-Өндөр сум байгуулах санал гаргасныг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэн дэмжжээ. Засгийн газар энэ саналыг дэмжиж, УИХ-ын тогтоолын төсөл боловруулсныг ТББХ өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд уг төслийг хэлэлцэхийг мөн санал нэгтэй дэмжсэн байна. Тэгэхдээ асуудал хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Батболд, Ж.Батсуурь, Д.Дондог, Э.Мөнх-Очир, Х.Тэмүүжин нар засаг захиргааны нэгжийн шинэчлэл хийх, сумдын тоог аль болохоор нэмэгдүүлэхгүй байж төсвийн зардлыг хэмнэх талаар Засгийн газар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэсэн санал хэлж байжээ.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх үеэр “Ийм асуудал бараг аймаг бүрт байгаа атал Дархан сумын асуудлыг онцлохын учир нь сонгуультай холбоотой юу?” гэсэн асуулт гарч, өнөөгийн хуулийн хүрээнд нэгэнт шийдвэрлэх боломжгүй тул Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар орон даяар цогцоор нь шийдэх гарцыг гишүүд хайж байв. Үүний зэрэгцээ “Засгийн газар эдийн засгийн хувьсгал, хоёр “Толгой”-н асуудалтай хөөцөлдөөд засаг захиргааны шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн асуудал зэрэг бодлогын гол асуудлуудаа орхигдуулж байна” хэмээн Засгийн газарт ч шүүмжлэлтэй хандаж байлаа. Шинэ сум байгуулахтай холбоотой нутаг дэвсгэрийн маргааныг хэрхэн шийдвэрлэж, сумдын хилийн цэсийг хэрхэн тогтоох, хот, тосгоны эрхзүйн байдал, засаг захиргааны шинэчлэлийн асуудлыг хамтад нь ямар байдлаар зохистой шийдэх, Үндсэн хуульд хотын статус бүрхэг туссантай холбоотойгоор цаг үеийн шаардлага, улс орны хөгжлийг дагаад энэхүү тулгуур хуулийг хэрхэн өөрчлөх зэрэг олон асуудал энэ үеэр яригдсан юм. Д.Ганхуяг гишүүний хэлсэнчлэн “жижиг юм шиг атлаа том” энэ асуудлаар гишүүдийн дунд ойлголтын зөрүү нэлээд байсан нь наанадаж л сум гэдэг тодорхойлолтыг хэрхэн томьёолох тухай асуудал байв.
Хэнтий, Бор-Өндөрт ажиллаж амьдарч байсан гишүүд “Үе дамжин мэргэшсэн уурхайчдын хот байсан энэ нутгийн албан ёсны бүртгэлээр 10 мянган хүний хувь заяатай холбоотой асуудлыг шийдэж, дэд бүтцийг нь түшиглэн аж үйлдвэрийн парк байгуулах боломжтой, газрын баялаг, ялангуяа жоншоо экспортолж Европ, Ази, Америк хүртэл борлуулдаг тул онцгой анхаарах нь зүйтэй” гэхчлэн тайлбарлаж байв. Харин Н.Батбаяр гишүүн “Асуудлыг энэ маягаар шийдээд байвал 329 сум маань 330 болоод зогсохгүй 500 хүрч, засаг захиргааны нэгжийг жижгэрүүлэхгүй байх монгол төрийн бодлого алдагдана. Үүний оронд Үдсэн хуульд тодотгол хийх замаар орон нутгийн хот гэдэг асуудлыг багцаар нь шийдье” гэсэн бол Х.Тэмүүжин гишүүн “Бид социализмын үеийн ХАА-н түүхий эд бэлтгэдэг задарсан бүтцээс төвлөрсөн бүтцэд орох ёстой. Засаг захиргааны оновчтой, эдийн засгийн үр ашигтай бүтэц бүхий шинэчлэл хийх талаар ярихын оронд орон нутгийн улс төрийн нөлөөлөлд хөтлөгдөөд том бодлогоо ярихгүй байна” хэмээн шүүмжилсэн юм.
Ийнхүү орон нутгийн эмзэг асуудал хөндсөн Бор-Өндөрийн талаар удтал маргасны эцэст УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 51,3 хувийн саналаар хэлэлцэхээр болж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ