Т.Батдорж:40 мянган сонгогч саналаа өгсөн
УИХ-ын 26 дугаар буюу Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлсэн юм. Тус дүүрэгт АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумьяабазар нар нэр дэвшин өрсөлдөж буй.
Тус тойргийн хороонд сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 179824 сонгогчоос 16.00 цагийн байдлаар 16745 хүн саналаа өгчээ.
Түүнчлэн 80 хэсгийн хороонд 582 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа багөөд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн I,II тасгийнхан хэв журам сахиулахаар ажиллаж байна. Дахин санал хураалтын явцын талаар холбогдох албанынхан дараахь мэдээллийг өгсөн юм.
УИХ-ын 26 дугаар тойргийн хорооны Нарийн бичгийн дарга Т.Батдорж
УИХ-ын 26 дугаар тойргийн хорооны 80 хэсгээс авсан нэгдсэн дүнгээр 40 мянга орчим сонгогч саналаа өгөөд байна. Санал хураах ажил 25 хувьтай байна. УИХ-ын 26 дугаар тойргийн 80 хэсгийн хороонд 582 хүн ажиллаж байна. Санал хураах явцад автоамат машинд эвдрэл гараагүй. Өдгөө 80 хэсгийн хороонд 160 санал тоолох автомат машин ажиллаж байна. Одоогоор дахин сонгуулийн явцад хүндрэлтэй асуудал гараагүй. Санал хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
УИХ-ын 26 дугаар тойргийн хорооны төв штаб руу хэсгийн хороод мэдээллээ нэгтгэн өгч байгаа аж. Харин хэсгийн хороодын хувьд санал хураалтад иргэд хэр идэвхтэй оролцож байгааг сонирхлоо.
26-р хэсгийн ахлагч З.Одончимэг
Манай хэсгийн хороонд санал өгөхөөр бүртгэгдсэн 2170 хүн бий. Одоогийн байдлаар 500 гаруй сонгогч саналаа өгсөн. Явуулын хайрцгаар хоёр сонгогчийн саналыг авлаа.Санал хураах явцад ямар хүндрэл гарсангүй. Иргэдийн идэвх тийм ч сайн биш байна. Тиймээс 20.00 цаг хүртэл иргэд саналаа идэвхтэй өгөөрэй гэж хэлэх байна. Санал хураалтад оролцохоор ирсэн зарим иргэний нэр нэрсийн жагсаалтад алга байна гэсэн гомдол ганц нэг гарсан. Холбогдох албанынхан эл асуудлыг тодруулж байна.
Түүнчлэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй байна гэсэн гомдол зарим иргэдээс гарч байгаатай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн даргаас уг асуудлыг тодрууллаа.
Дахин санал хураалт эхэлснээс хойш 40 гаруй иргэн сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдээгүй байна гэсэн гомдол гаргалаа. Тэдгээр хүнийг шалгаж үзэхээр гадаадад санал өгсөн, эсхүл хороон дотроо шилжсэн. Өөрөөр хэлбэл өнгөрөгч долдугаар сарын 1-нээс хойш нэг хэсгээс нөгөө рүү шилжсэн гэх мэт зөрчил байна. Энэхүү дахин сонгууль 2012 оны УИХ-ын сонгуулийн үргэлжлэл учраас шинэчилсэн жагсаалт гараагүй. Тэгэхээр хуучин жагсаалтад хаана бүртгэгдсэн тэр нутаг дэвсгэртээ саналаа өгнө. Одоогоор 80 хэсгийн хороонд бүртгэлийн 152 итгэмжлэгдсэн ажилтан ажиллаж байна.
23 дугаар хэсгийн ахлагч М.Одгэрэл
Сонгогчдийн идэвх боломжийн байна. 2845 хүн бүртгэдсэн. Автомат машинууд хэвийн ажиллаж байна. 2012 оны зургаадугаар сараас хойш манай хэсэгт шилжиж ирсэн сонгогчид саналаа өгөх боломжгүй. Учир нь УБЕГ-аас УИХ-ын 2012 оны сонгуулиар гаргаж өгсөн нэрсийн жагсаалтын дагуу санал хураалт явагдаж байна.
17-р хорооны иргэн Б.Батмөнх
Манай гэр бүлд сонгогчийн насны хоёр хүн бий. Хоёулаа дөнгөж сая саналаа өглөө. Санал өгөхөд хүндрэл гарсангүй. Зарим нэг хүний нэр байхгүй учраас саналаа өгч чадахгүй байна гэх мэр сэр гомдол гарч байх шиг сонсогдлоо. Манайхны хувьд цахим үнэмлэхтэй холбоотой зөрчил байхгүй учраас саадгүй саналаа өгсөн гэж хэлж болно.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ