Улсын аваргууд тодорлоо

img

  Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 53, эмэгтэйчүүдийн 45 дахь тэмцээн энэ сарын 5-нд Тусгаар тогтнолын ордноо эхэлсэн билээ. Есөн өдөр үргэлжилж, шатар сонирхогчдын анхаарлын төвд байсан шигшээ тэмцээний сүүлчийн буюу 13 дахь өрөг өнөөдөр болж УАШТ-ийн медальтнууд тодорлоо. Нийт таван байр шалгаруулах ёстой байсан ч зургаа, долдугаар байрт орсон шатарчдад Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийн зүгээс шагнаж урамшуулсан нь шатарчдад урам зориг хайрласан явдал болов. Тэмцээний анхан шатанд 100 гаруй шатарчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрлөөс тавдугаар байрт өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, дөрөвдүгээр байрт олон улсын мастер Д.Янжиндулам, гуравдугаар байрт спортын мастер С.Сарантунгалаг, хоёрдугаар байрт спортын мастер Б.Баярмаа нар тус тус шалгарсан бол, тэргүүн байрын шагналыг “Хан Алтай” группын шатарчин ФИДЕ мастер Улсын хошой аварга У.Лхамсүрэн хүртлээ. Харин эрэгтэйчүүдийн төрлөөс тавдугаар байрт ФИДЕ мастер Г.Мөнхгал, дөрөвдүгээр байрт олон улсын мастер Б.Мөнгөнтуул, гуравдугаар байрт ФИДЕ мастер М.Гүнбаяр, хоёрдугаар байрт Их мастер Ц.Батчулуун нар тус тус шалгарч, тэргүүн байрыг “Шунхлай” группын шатарчин, их мастер Б.Гүндаваа эзэлсэн юм. Энэхүү тэмцээнээс эхний таван байрт шалгарсан шатарчдаас шигшээ багийг бүрдүүлж ирэх зургадугаар сард БНСУ-ын Инчон хотноо болох Азийн танхимын спортын наадамд оролцуулах аж. Монгол улсын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар тэмцээнийг хааж тэмцээнд олон чадварлаг залуу шатарчин өрсөлдөж байгаа гэдгийг онцлоод “Энэ нь Монгол Улсын шатрын спорт дэлхийн хэмжээнд хүрч буй илрэл юм” хэмээлээ.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hahaha:
Тэмцээний анхан шатанд 100 гаруй шатарчин өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрлөөс тавдугаар байрт өсвөрийн шатарчдын дэлхийн аварга Д.Номин-Эрдэнэ, дөрөвдүгээр байрт олон улсын мастер Д.Янжиндулам, гуравдугаар байрт спортын мастер С.Сарантунгалаг, хоёрдугаар байрт спортын мастер Б.Баярмаа нар тус тус шалгарсан бол, тэргүүн байрын шагналыг “Хан Алтай” группын шатарчин ФИДЕ мастер Улсын хошой аварга У.Лхамсүрэн хүртлээ. Сэтгүүлч нь юу ч мэддэггүй юм байнаааа
2013-04-14