Их ажлын хажуугаарх улс төржсөн яриа

img

Олон сар дуншсан УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн дахин санал хураалт боллоо. Санал хураалтын босгон дээр нийслэлийн Сонгинорхайрхан дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийнхэн улс төржиж, эмнэлгийн үнэгүй үзлэг зохион байгуулж, мөнгө тараах зэргээр сонгогчдын саналыг татах шоу хийж байна гэх мэдээллийг тус дүүргийн МАН-ын хорооноос цацаж байсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан иймэрхүү ор үндэсгүй мэдээллийн эзэн нь МАН-ын хорооны дарга н.Алтаншагай байжээ. Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс бол Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрүүдийг тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж ажилладаг төрийн байгууллага. Тэр ч утгаараа нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах төрийн хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд тогтоосон удирдамж, зөвлөмжийн дагуу ажил үүргээ явуулж ирсэн хэмээн Сонгинохайрхан дүүргийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга н.Нямбаяр ярьж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн ашиг сонирхлын үүднээс аль нэг улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчдэд үйлчилсэнгүй.

Эдний дүүрэг 31 хороотой, тэр бүрийг хариуцсан халамж үйлчилгээний ажилтантай. Тэд өрхүүдээр явж, иргэдтэйгээ биечлэн уулзаж төр, засгийн бодлого шийдвэрийг хүргэх, нийгмийн халамж үйлчилгээг оновчтой зохион байгуулах шаардлага байнга гардаг. Хавтгайрсан халамж хэмээх шүүмжлэл дагуулахгүйн тулд өрхийн амьжиргааг судлах, нийгмийн чухам ямар халамж шаардлагатай вэ гэдгийг тогтоохын тулд энэ дөрөвдүгээр сард гэхэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих сарын аян зарлан ажиллаж эхлээд байна. Эхний ээлжинд Монголын Мянганы сорилтын сан, Нийслэлийн халамж үйлчигээний газар,  Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг хийж эхэлжээ. Үзлэгт хамрагдах урилгыг гуравдугаар сараас эхлэн айл өрхүүдээр тараах ажил одоо ч үргэлжилж байгаа аж. Гэтэл МАН-ынхан сонгуулийн сөрөг сурталчилгаандаа ашиглан иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байна хэмээн мушгин гуйвуулсан байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн халамж үйлчилгээний хэлтсийнхэн дахин санал хураалтын өмнө хэл ам татлахыг төдийлөн хүссэнгүй. Санал хураалт болдгоороо болж, урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч Д.Сумъяабазар яллаа гэсэн мэдээ тарсан нь нийтийн эрх ашгийн төлөө нийтийн албанд зүтгэж байгаа ажилтнуудыг нэг талаар хилсдүүлжээ. Тэгээд ч дээрх аяны ажил дуусаагүй, цаашид ч төлөвлөсөн ажлаа бүрэн хэрэгжүүлж дуусгах болно гэж дарга нь итгэлтэй өгүүлэв. Харин тэрбээр иргэдийн дунд иймэрхүү бусармаг яриа тараасан н.Алтаншагай цаашид улс төр хийх гээд байгаа бол хийдэг газраа л хий. Би нэр төрөө сэргээлгэхийн тулд хууль хяналтын байгууллагад хандах болно гэв. Иймэрхүү үндэслэлгүй мэдээллийг өөгшүүлдэг new.mn гэдэг вэбсайт дээр хүртэл хүнсээ авах гэсэн амьжиргаа ядуу иргэд талонаа авахаар Сонгинохайрхан дүүргийн гадаа жагсч, иргэн Бат-Эрдэнэтэй ярилцлаа гэсэн хоёр асуулт бүхий яриа тавьсан байх жишээтэй. Гэтэл тус  байгууллагын гадаа ямар ч жагсаал цуглаан болоогүй, ямар ч хүнсний талон өрхүүдэд тараагаагүй ажээ. Амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхүүдэд хүнсний талон тараах ажил энэ жилээс ердөө хийгдээгүй. Цаасан талон ашиглахаа болиод цахим карт болгон шинэчилсэн учраас тухайн иргэд дэлгүүрт картаа уншуулаад хүнсээ авах ёстой юм байна.

Энэ мэт буруу ташаа яриа хөөрөө төрийн байгууллагын нэр хүндийг унагаж, удахгүй болох дүүрэг, ирэх тавдугаар сард болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний чуулганы ажлын эрч хүчийг сулруулж буйг тэд нуусангүй. Өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 980 өрхийг сонгосон бол одоо 1240 өрхийг нэмж хамруулах ажээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан аргачлалын дагуу бол  өрхийн босго оноо таваас доош байвал хүнсний талонд хамруулах, 10-аас доош бол заавал хөгжих өрхийн тоонд оруулан дээрх хөтөлбөрт үе шаттай багтаах учиртай. Хамгийн гол нь заавал хөгжих өрхийн гишүүдийн эрүүл мэндийн байдал ямар байна,  хүүхэд нь сургууль завсардсан уу, аав ээж нь хөдөлмөрийн чадвартай юу гэх мэтчилэн заавал газар дээр нь очиж танилцах ёстой учраас халамж үйлчилгээний ажилтнууд байнга явдаг. Тиймээс бүх зүйлтэй нарийн танилцаж, тухайн өрхийг хөгжүүлэхийн тулд гэрт нь өвчтэй хүн байвал эрүүл мэндийн байгууллагатай, хүүхэд нь сургууль завсардсан бол боловсролын байгууллагатай холбож өгч хөгжүүлэх арга хэмжээ авдаг байна. Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн алслагдсан төдийгүй хамгийн олон хүн амтай, хөдөөнөөс шилжин суурьшигчид ихэнх хувийг эзэлсэн гол төлөв гэр хороолол учраас тэдний ажил тийм ч амар биш гэдэг нь ойлгомжтой.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
man iinhan dandaa busarmag hort yavuulga yavuulahaa bolimoor yum
2013-04-15
Зочин:
Удирдамжтай ч байсан цаг хугацааны үед тохируулга хийж болно шдээ. Танай ажилтнууд айлуудаар ямао ч ухуулга хийгээгүй, зүгээр явж байсныг хэн гэрчлэх юм.Өрхийн хөгжлийн хөтөлбөр батлагдаад 1,5 жил болж байхад өрхүүдтэйгээ одоо л газар дээр нь танилцах ажил хийгдэж байгаа, тэр ньУИХ-ын сонгуулийн дахин санал хураалтын цаг үетэй санаандгүй давхцаж байгаа гээд ойлгоход амаргүй байх даа.
2013-04-15