
Монголын өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Заюу-тайж” нийгэмлэг ТББ өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. Тэд Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлж, эмзэг бүлгийн иргэддээ туслахдаа төр дан ганц халамж үзүүлэх биш бус нийгэмшүүлэх бодлого барих ёстой гэж байна.
Зөвхөн нэг л байгууллага өнгөрсөн 13 жилийн хугацаанд 10 гаруй өрх толгойлсон нэн ядуу эцэг эхчүүдэд өөрийн хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч өгч өрхийн үйлдвэрлэлийг нь хөгжүүлсэн байна. Хөдөлмөр халамжийн төв байгуулж 669 хүнд үйлчилж, 235 хүнийг тэнэмэл амьдралаас хөндийрүүлжээ. Эдний дундаас долоон гэр бүл нийгэмд өрх тусгаарлан, есөн шинэ иргэнийг өлгийдөн авчээ. 45 хүн иргэнийг бичиг баримттай, 14 хүүхдийг төрсний гэрчилгээтэй болгож төрд данслуулах гэдэг нэг байгууллагын хувьд бас л их хөдөлмөр хөөцөлдөлгөө байсан биз. Төрийн болон гадаад дотоодын төсөл хөтөлбөр царайчлан суусангүй. Блокны жижиг цех ажиллуулан, 0,5 га газарт ногоо тарьж, саалийн хоёр үнээтэй болж сүү цагаан идээгээ ч өөрсдийн хүчээр базаах болсон байна.
-Таны хурал зарласан шалтгаан тань содон сонсогдож байна. Энэ тухайгаа тодруулаач?
-Шагнал авч байгаа хүмүүс өрөнд орсон юм шиг найр наадам хийж өч төчнөөн хөрөнгө зардаг. Урилгыг нь аваад ирсэн нэгнийгээ баахан архиар “угжина”. Улсынхаа Ерөнхийлөгчийн уриалгыг зөрөн байж төрийн шагналаа мялаана. Миний хувьд үүнээс эсрэг байр суурьтай байдаг. Би ТВ9 телевиз, Зууны мэдээ сониноос хамтран тодруулдаг “Энэ цагийн эгэл баатар” болсон. Энэ баяраа би ууж идэж, наргиж наадаж биш, ажил хөдөлмөрөө улам өрнүүлж, эхлүүлсэн ажлынхаа үр дүнгээр мялаахыг хүссэн. Тийм ч учраас орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх ажлыг цогцоор нь хийх уриалгыг гаргаж байна.
-Цогцоор гэдэг нь одоо хийж байгаа ажлаас тань юугаараа илүү юм бэ?
-Манай байгууллага 2003 оноос үйл ажиллагаагаа эхэлж тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулсан. Арав гаруй жилийн ажлын туршлагадаа тулгуурлан энэ ажлыг цогцоор нь хийх ёстой гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Юуны өмнө тэнэмэл гэсэн нэртэй хүнээ муу зуршил, архины хамаарлаас ангижруулах ёстой. Өөртөө, ирээдүйдээ итгэх итгэлийг нь бат суулгаж өгнө. Ингэж чадсаны дараа тэр хүнээ бичиг баримттай, төрдөө данстай, орон гэртэй, өөрийн эзэмшлийн газартай, цаашлаад ажил албатай болгох хэрэгтэй. Ингэж чадвал л тэр хүн жинхэнэ утгаараа энгийн амьдралд хөл тавьж чадна.
- Нэг хүнийг нийгэмшүүлэхэд хэр их хугацаа шаардах бол?
-Олон жилийн туршлагаар энэ бүхнийг эхлүүлэхэд зургаан сар хэрэгтэй.
- Их бага хугацаанд хийх ажил байна. Зургаан сарын дараа аль нэгэн компани, сайхан сэтгэлтэй хүмүүсийн дунд ороод ажил амьдралаа аваад явж чадах юм уу?
-Сэтгэл засал, бичиг баримттай, орон гэртэй болгох ажлыг эхний зургаан сард хийнэ. Харин ажилтай, өөрийн амьдралаа авч явах орлоготой болоход бол 2-3 жилийн хамтын ажиллагаа хэрэгтэй. Зургаан сарын дараа шууд өөр хамт олон дунд оруулахад хэцүү. Ажилдаа явах, ирэх замд нь “хуучин найзууд” нь тааралдаад буцаад нөгөө замруугаа хальтирчих гээд байдаг юм. Тиймээс эхний хоёр гурван жилдээ Хөдөлмөр халамжийн төвийнхөө туслах аж ахуйд ажиллуулдаг.
-Шинээр амьдралаа эхлэх хүн бүрт газар, орон байрны асуудал шийдэх гэдэг хамгийн хүн асуудал байх даа?
-Орон байрны асуудлыг өмнө нь хүн бүрт, өрх бүрт олгох гэж зүтгэж ажилласан. Одоо бас нэг шинэ гарцын төлөө ажиллаж байна. Нийслэлийн удирдлагаас дэмжлэг аваад Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, Налайх дүүргийн Городокт тус бүр 3 га газар авсан. Энд барих нэн ядуу орон гэргүй хүмүүст зориулсан 1200 айлын орон сууцны барилгын зургийг хийлгээд одоо баталгаажилт хийлгэхээр зохих газарт нь хандсан байгаа. Олон улсын стандартын дагуу нэг айлд 30-35 м.кв талбайтай байхаар тооцоолсон.
-Энэ ажлын хөрөнгийг хаанаас гаргасан бэ. Төр засгийн дэмжлэгийг авсан уу?
-Нийслэлээс бидэнд 1 сая 500 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг өгсөн. Бусад хөрөнгийг бид зураг төсөл хийж өгсөн байгууллагуудаасаа тусламж хүссэн. Та бүхэн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж бидэнд бусад төлбөрийг хөнгөлөөч ээ ээ гэж. Тэд хүсэлтийг хүлээн аваад хийж өгсөн. Их баярлаж байна.
-Тэгвэл барих хөрөнгөө яаж шийдэх гэж байна?
-УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас “салахгүй, зууралдаад” байна даа. Тусална гэсэн, бид итгэж байгаа.
-Та энэ чиглэлд төрийн авч хэрэгжүүлж байгаа ажлын арга барилд хэрхэн дүгнэлт өгөх вэ?
- Халаас хоосон хүний зовлон их шүү. Бид алдаж, эндэж, ядарч яваа нэгнээ ойлгож туслах, гараа сунгах хэрэгтэй. Манай байгууллагаас өнөөдрийн байдлаар 7 өрх тусгаарлаж, 9 хүүхэд энд төрсөн. Анхны зээ маань таван настай, эрүүл саруул бойжиж байна. Энэ хүмүүст зөв сэтгэлээр хандвал тэдэнд сайхан амьдрах итгэл, мөрөөдөл бий. Төр иргэндээ амьдад нь зориулаагүй халамжаа оршуулгын зардал нэрээр өгдөг гэдгийг дахин нэг сануулж хэлмээр байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ