Түлш, шатахуунаас хараат бус байх “Б” төлөвлөгөө
Бензин шатахуунаар хөршөөсөө бүрэн хамааралтай манайх шиг улс энэ бөмбөрцөг дээр тун ч ховор доо. Газар дээрээ байгаа нефтиэ урагшаа гаргачихна. Өөрснөө болохоор боловсруулж чадахгүй. Ядруухан байдлыг далимдуулаад хойд хөрш үнэ тарифаа өсгөнө. Аль эсвэл 100 шатахуун түгээх станц нутаг дэвсгэр дээрээ бариул. Тэгвэл ч яахав дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлнэ гэхчлэн хяхаж бооно. Аргаа бараад Дарханд нефть боловсруулах үйлдвэр барихаар шийдсэн. Одоохондоо бас л сураг төдий. Барилаа гээд нефтийн цооногоос гарч байгаа түүхий эд маань хэр хугацаанд бидний хэрэгцээг хангаж чадах бол. Монгол улсын шатахууны жилийн хэрэглээ нэг сая тонн. Гэхдээ энэ нь өнгөрсөн жилд хэрэглэсэн шатахууны хэмжээ. Томоохон орд газрууд ашиглалтад орсноор жил тутам энэ хэрэглээ 50 хувиар өсөх тооцоо байдаг юм.
Өнөөдөр жилд 500 мянган тонн нефть олдворлож байгаагаас шатахуун нэрвэл 250 мянган тонныг нь л авч болно. Гэтэл хэрэгцээ улам бүр өсөөд байдаг. Байгальд байгаа нөөц маань улсын хэрэгцээг ойрын хэдэн жилдээ хангаж чадахгүй нь ... Ирээдүйнхээ хэрэгцээг тодорхойлсон үүцний бодлого л бидэнд хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, мөнөөх хөгжлийн “Б” төлөвлөгөө. Дэлхийн нефтийн нөөцийг 20-30 жил тодорхойлдог. Нефтийн үнэ өснө үү гэхээс буурахгүй гэсэн прогнозыг судлаачид хийж улс бүхэн нефть орлуулах шингэн түлшний эрэлд хатаж байна. Олон ч орлуулах бүтээгдэхүүн гаргаж авсан ч нөөц нь хомс, дагалдах хор уршиг нь хэтэрхий өндрөөс шалтгаалан үйлдвэрлэлд тэр бүрий нэвтэрч бүтээгдэхүүн болж чадахгүй байна.
Эдгээрээс хамгийн тохиромжтой нь шатдаг занар хэмээх ашигт малтмал болохыг нотолж. Нефтиэс гаргаж авдаг олон бүтээгдэхүүнийг бүгдийг нь гаргаж авч болохгүй ч хамгийн гол хэрэглээ болдог шатахуун гаргаж авах бүрэн бололцоотой гэдгийг тогтоож. Нөөцийн хэмжээгээрээ ч муугүй. Манай улс ч шатдаг занарын нөөцөөрөө чамгүйд тооцогддог. 1990-ээд оныг хүртэл бид үр ашиг муутай ашигт малтмал гээд төдийлөн тоодоггүй байсан бол өнөөдөр нүүрснээс дутахгүй гэдгийг нь мэддэг болжээ.
Шатдаг занар нь “Шатах ашигт малтмал”-ын ангилалд багтдаг бөгөөд хатуу түлшний өргөн тархалттай их нөөцтэй нэгэн төрөл юм. Шатдаг занар гэдэг нь жар хүртэлх хувийн кероген хэмээх органик бодисыг агуулсан шаварлаг тунам чулуулаг. Занарын органик хэсэгт агуулагдах устөрөгчийн хэмжээ нь бүх төрлийн нүүрснийхээс их, давирхай нь бүтэц найрлагын хувьд түүхий газрын тостой ойролцоо байдаг тул занараас газрын тосны бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой байдаг байна. Нэг нэгийгээ орлох чадвартай ашигт малтмал хаа ч байдаг. Гагцхүү олж шинжилж судлах хэрэгтэй байдгийн жишээ энэ. Балтийн тэнгисийн эргийн Эстони улс. Тэд газрын хөрсөндөө шатдаг занараас өөр баялаггүй.
Тиймдээ ч тэд чөдрийн ганцаа ашиглах технологийг сайтар хөгжүүлж чадсан байдаг юм. Манай цахилгаан станцууд элбэг нөөцтэй хүрэн нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг шиг эстоничууд станцуудаа шатдаг занараар галлаж эрчим хүч гаргаж авна. Одоо тэд шатах тослох материал гаргаж хэрэгцээгээ хангахаар ажиллаж байна. Нэгэнт л химийн бүтэц, найрлагыг нь мэдэж, үйлдвэрлэж нэвтрүүлээд байгаа болохоор тун удахгүй шатахуунаар дутагдахгүй харин ч экспортлоно гэнэ. Өндөр хөгжилтэй орнууд ч аль хэдийн үйлдвэрлэлд оруулахаар төлөвлөөд байгаа.
Дэлхий даяар 450 триллион шатдаг занарын нөөц бий. Үүнээс 550-630 тэрбум тонн занарын давирхай буюу синтетик газрын тосыг гаргаж авч болно. Асар их нөөц шүү. Шатдаг занараас гаргаж авах газрын тос нь одоо дэлхийд илрүүлээд байгаа түүхий газрын тосноос дөрөв дахин их гэдгийг онцолсон байна. Дэлхийн шатдаг занарын нөөцийн 60 гаруй хувь нь АНУ-ын нутаг дэвсгэрт оршдог. Зөвхөн Колорадо мужид орших ордууд нь Америк орны эрчим хүчний хэрэгцээг 2120 он хүртэл хангахад бүрэн хүрэлцэнэ гэсэн мэдээлэл бий. Харин Ази тивд шатдаг занарын нөөцөөрөө БНХАУ тэргүүлж, Тайланд удаалдаг. АНУ эрчим хүчний импортдоо жилд 300 орчим тэрбум доллар зарцуулдаг байна.
Шатдаг занараас нефть гаргах үйлдвэрлэлийг хөгжүүлснээр 2020 он гэхэд энэ орон Ойрхи Дорнодын газрын тосноос огтхон ч хамааралгүй болох тооцоо гарчээ. Тус улс шатдаг занараар ийм хэмжээнд хүрэхэд 2005 онд АНУ-ын Конгрессоос шинэчлэн баталсан “Эрчим хүчний тухай хууль” маш том үүрэг гүйцэтгэсэн гэж бусад орны судлаачид үздэг. Харин манай улсын хувьд Хөгшин Орхоны, Дундговийн Баянжаргалангийн Хөөтийн гэхчлэн шатдаг занарын 60 гаруй томоохон орд бий. Тэгэхээр бидэнд шатдаг занарыг боловсруулж бүтээгдэхүүн болгох шаардлагатай байгаа юм.
Дэлхий нийтээр түүхий нефтийн оронд шатдаг занар ашиглахын ач холбогдлыг эрт дээр үеэс мэддэг байсан бөгөөд 1970-аад оны эхээр гарсан нефтийн үнийн өсөлтөөс улбаалан түүнийг олборлож үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд ашигтай болж эхэлсэн байна. Үүнээс үүдэн дэлхийн томоохон гүрнүүд шатдаг занарын салбарт нэлээд хүч хөрөнгийг чиглүүлж эхэлжээ. Гэвч 1980-аад оны эхээр Ойрхи Дорнодод газрын тосны олборлолт огцом нэмэгдсэнээр нефтийн зах зээлийн үнэ унаж шатамхай занарын олборлолт, ашиглалт эдийн засгийн хувьд ашиггүй болсноор энэ салбар хумигдсан байна. Харин шинэ зуун дахь нөхцөл байдал шатдаг занарын тухай асуудлыг дахин сөхөхөд хүргэжээ.
Ирээдүйд биднийг нефтиэс хараат бус байлгах нэг том гарц энэ л болно. Дарханд нефтийн боловсруулах үйлдвэр баригдвал түүн дээрээ түшиглээд шатахуун гаргаж авах иж бүрэн лаборатори, эрдэм шинжилгээний газар байгуулах шаардлагатай. Шатахууны үнэ үргэлжид өсөх хандлагатай байгаа нөхцөлд ирээдүйгээ хамгаалахын тулд өнөөдрөөс зохистой бодлогыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Энэ маань л бидний хөгжлийн “Б” болох учиртай.
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ