
Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу явагдаж байгаа оюутны спортын “Универсиад” III их наадмын хүрээнд Европын бүсийн оронд суралцаж байгаа Монгол оюутны спортын III их наадам энэ сарын 30-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо “ЦСКА” буюу ОХУ-ын Армийн спортын төв цогцолбор клубийн спортын ордонд болно.
Универсиад наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга, Монголын оюутны спортын холбооны (МОСХ) ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан энэхүү наадмын асуудлаар саяхан Москва хотноо ажиллах үеэр ийнхүү тохиролцжээ. Тэрээр ОХУ-д суугаа Монгол улсын элчин сайд сайд Д. Идэвхтэн, яамны элчин зөвлөх С.Банзрагч, хоёрдугаар нарийн бичгийн дарга Ц.Тунгалаг нартай уулзаж энэ талаар ярилцсан ба наадам болох “ЦСКА” спортын цогцолбортой танилцаж, удирдах хүмүүстэй нь уулзаж асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Тус ЭСЯаманд Зохион байгуулах комисс байгуулагдан наадмын бүх төрлийн бэлтгэлийг сайвтар ханган ажиллаж байна. Энхүү наадам сагсан бөмбөг, шатар, ширээний теннисний спортын гурван төрлөөр явагдах ба Беларус, Польш, Украйн, Герман, ОХУ-ын Эрхүү, Екатеринбург, Санкт Петербург зэрэг орон, хотуудад суралцаж байгаа 40 орчим их, дээд сургуулийн 500 орчим Монгол оюутнууд бүсийн наадамд оролцохоор мэдүүлгээ ЭСЯам, ЗБХороо, МОСХ-нд ирүүлээд байгаа ажээ. Наадмын үйл ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулахаар 4 сарын 28-ны өдөр Москва хот руу ССАЖЯ, Монголын оюутны спортын холбооноос тус бүр 1 төлөөлөгч, сагсан бөмбөгийн улсын шүүгч, спортын мастер Б.Жаргалсайхан, Г.Нямдорж нарын 4 хүний хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг явахаар болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ