Зуугуул зургаан хувийн зээл
Өнгөрсөн сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газрын амлалтад хууртаж, зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар хашаа байшингаа зарсан 1500 гаруй өрх өнөөдөр толгой хоргодох оронгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж явна. Хаврын урь орсон болохоор хэсэг бүлгээрээ гудамжинд жагсаж, суулт хийх нь бор хоног, шар өдрийг төөрүүлэх арга нь болж байх шиг. Саяхан Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан төр, засаг гаргуунд хаяхгүй шийднэ гэсэн боловч яаж гэдэгт тодорхой хариулт өгч чадсангүй. Уг нь гурван жилийн өмнө УИХ-аас 100 мянган айлын орон сууц барих “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталж, Сү.Батболдын Засгийн газар хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан. Харин луу жилийн яг босгон дээр анх удаа орон сууцтай болох бага, дунд орлоготой иргэдэд зургаан хувийн хүүтэй 50 сая төгрөгийн зээл олгоно гэсэн нь ийнхүү олныг хөлдөө чирсэн юм. Толгой хоргодох төдийхөн биш тохилог орон сууцтай болно гэдэг иргэдийн хувьд Солонгос явж ажиллахгүй их амны хишиг байлаа. Тэд төрийн үйлчилгээний байгууллагуудын үүдэнд архивын түүхчилсэн лавлагаа, хугацаа хэтэрсэн зээлийн өргүй гэсэн баримт, гэмт хэрэгт холбогдоогүйг баталсан бичиг авахаар урт дараалалд зогсч, тэр тоолонгоор хураамж төлж байлаа. Нөгөөтэйгүүр эрийн цээнд хүрч, өрх тусгаарласан хүүхдүүд эцэг эхийнхээ орон сууцны ордер дээр хамтран эзэмшигчийн бүртгэлтэй байгаа нь залуу гэр бүлийн анх удаа байртай болох хүсэлд санамсаргүй саад болсон.
Цагтаа АНУ-д гэхэд энэ асуудал америк мөрөөдлийн хэмжээнд тавигдаж байлаа. Гэсэн ч тэнд үлгэр хэдийнэ дуусч, мөрөөдөл биелжээ. Зүүн Европын пост коммунист Унгар, Польш, Герман улс ерээд оноос “дөрвөн дугуйт, гурван өрөө, гурван хүүхэд” зорилт тавиад иргэдээ орон сууцаар бүрэн хангаж чадсан. Ямар ч байсан таван ам бүлтэй айл гурван өрөө байр, амины унаатай болов. Цаг агаар нь манайхтай адил Канадын Засгийн газар айл өрхүүдээ 40 мянган ам.доллараар дулаахан хаустай болгосон. Мөн Энэтхэгт нэг айлыг 400 ам.долларын өртгөөр орон сууцжуулах төсөл шалгарч, улс орныг хамарч эхлээд байна. Энэтхэг ганцхан дулааны улиралтай орон ч 1,2 тэрбум хүн амтай. Харин Сингапурын туршлага хамгийн олзуурхууштай. Анхны ерөнхий сайд Ли Куан Ю зуу гаруй жил Английн колони байсан, газрын баялаггүй, даавуун оромжтой загасчны тосгон бүхий жар далаад оны Сингапурыг 50 шахам жил удирдахдаа орчин үеийн орон сууцтай, зам тээвэр, дэд бүтэц дээд зэргээр хөгжсөн, ард иргэд нь ажилтай Азийн бар улс болгосон билээ.
Шинэчлэлийн Засгийн газар Чингис бонд гаргаж, олон улсын зах зээлд арилжаалан олон тэрбум ам.долларын хөрөнгө босгосон ч бас л дээгүүрээ булаацалдаж эхлэв. Мөнөөх борчуудын амьдралд наалдах юм чих дэлсэхгүй байна. Яагаад зуугуул зургаан хувийнхаа зээлд хулхидуулсан иргэдийнхээ асуудлыг шийдэж болохгүй гэж. Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогоор 740 мянга гаруй өрхтэй. Хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрч, тэдний 63 хувь нь гэр хороололд амьдардаг. Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болсон хагас сая шахам яндангийн утаа, 160 мянган жорлонгийн нүх эндээс эхтэй. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн эхний ээлжинд нийслэлд 54 компанийн 62 мянган айлын орон сууцны барилга шаардлага хангасан хэмээн үзэж, түүнд азаа туршсан 2000 гаруй иргэний 1500 гаруй нь шууд хохироод байгаа.
Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан урт хугацааны зээлийг Америкт моргейж, Европт ипотек гэж нэрлэдэг ажээ. Манай улс Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуультай болоод удаагүй. Албан ёсны баримт бичигт ипотекийн хууль нэрээр яригддаг л даа. Моргейжийн зээлд хамрагдсан хүмүүст байнгын ажлын байртай байх ёстой гэсэн хатуу зарчим үйлчилдэг. Тиймээс хүмүүс мэргэжил боловсролтой бол ажилтай, ажилтай бол орон сууцтай болоход илүү дөхөмтэй. Монгол санхүүгийн моргейжийн системийн Америк загварыг хуулбарлах бус, өөрийн нөхцөлд тохируулан хэрэглэх учиртай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Моргейжийн зээл гэдгийг нэг талаас барьцаат зээл, нөгөө талаас хөрөнгө хадгалах эрх гэж тайлбарлаж болно. Монголчуудын толгойд “өргүй бол баян” гэсэн сэтгэхүй ноёлдгоос тэтгэвэрт гарах дөхөхөөрөө ихэвчлэн орон байрны бараа хардаг. Тэгвэл “өрөнд баригдах дуртай” гадаадынхан арав хорин жил тохилог сууцанд амар тайван амьдарч байгаад өрөө төлж, өмчтэй болдог байна.
Шинэ тулгар Хөгжлийн банк Засгийн газрын 200 тэрбум төгрөгийн бондыг арилжаалан, хөрөнгө босгож амжаагүй байхад Капитал, Төрийн банк иргэдэд моргейжийн зээл олгох ажлыг хариуцаж эхэлсэн. Тэгэхэд Хөгжлийн банк олон улсын зах зээл дээр таван жилийн хугацаатай 580 сая ам.долларын бонд амжилттай гаргасан тухай “Евразиа Капитал” мэдээлж байсан. Тэр мөнгө мөн л замхарсан. Бодвол сонгуулийн шуурганд үрэгдээ биз.
Өнөөдөр орон сууцжуулах төрийн зөв бодлого захиргааны хүнд сурталтай тулгарч, нийгэмд бухимдал үүсгэж байгааг нуухын аргагүй. Төрөөс төдийлөн хөрөнгө мөнгө шаардахгүй, гэр хорооллынхныг орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх арга зам багагүй бий. Юуны өмнө төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгаж, иргэд цаг заваа үрж, элдэв бичиг баримт хөөцөлддөг явдлыг цахим хэлбэрт бүрмөсөн шилжүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг тов тодорхой болгон, барилгын компаниудад чанарын өндөр шаардлага тавих, нэгэнт урьдчилгаа төлж санхүүжилтээ хийсэн иргэдэд байрыг заасан хугацаанд нь хүлээлгэн өгөх, хугацаа алдсан тохиолдолд хариуцлага тооцох зэрэг арга механизм үгүйлэгдэж байна. Орон сууц, хүн амын тооллогын дүнгээр 800 мянган иргэн байртай болохыг хүсч, жилд 15 мянган айлын сууц ашиглалтад орж байгаа нь эрэлт, нийлүүлэлтийн хол зөрүүг илтгэнэ.
Дандаа гадаад орнуудын туршлага судалдаг төрийн томчууд маань Сингапурын туршлагаас бүтээлчээр суралцахсан.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ