
Өнгөрсөн өвлийн ард гарах гэж чамгүй хэл ам дагуулсан Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станцын дарга Д.Тулгыг Төрийн өмчийн хороо ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Тус станцыг ашиглалтад орсон цагаасаа л тогтмол доголдож, хэрэглэгчдийнх нь эрх ашиг зөрчигдөж ирсэн гэх мэдээлэл дагадаг. Тэрчлэн өнгөрсөн өвөл дуусдагийн даваан дээр станцын газардуулгын хүрээний зэс голтой кабель утас хулгайд алдагдаж, станцын үйл ажиллагаа нь зогсож байв.
Зэс голтой кабель утасгүй болсон станц өөрийн бүрэн хүчин чадлаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй гэсэн урьдчилсан дүгнэлтийг газар дээр нь ажиллаад ирсэн мэргэжилтнүүд хийж, улмаар эвдэрсэн турбогенераторын статорын ороомгийг БНХАУ-д засуулахад шаардагдаад байсан 260 сая төгрөгийг Засгийн газрын шийдвэрээр гаргаж байсан. Ер нь Даланзадгадын дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг сайжруулахын тулд, мөн эрчим хүчний алдагдлыг нөхөх зорилгоор засгаас ихээхэн хөрөнгө мөнгө хуваарилж ирсэн гэх мэдээлэл бий.
Харин засгаас ихээхэн мөнгө авдаг станцын дарга Д.Тулга станцынхаа нөхцөл байдлын талаар юу өгүүлдэгийг хүргэе. Улсаас өгсөн төсөв мөнгийг хэрхэн зарцуулж байна, хүрэлцээ нь хэр байхав? гэсэн сэтгүүлчийн асуултад “Яам, Тамгын газруудаас эрчим хүчний алдагдлыг нөхөх зориулалтаар санхүүжилт өгдөг. Улсаас мөнгө төгрөг өгдөг гэхээр иргэдийн дунд буруу ойлголт байдаг юм шиг билээ. Өнөөдрийн байдлаар хэрэглэгчдэд түгээж байгаа 1квт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэн гаргаж байгаа өөрийн өртөг нь 373 төгрөгөөр гардаг. Түүнийгээ хэрэглэгчдэд өгөхдөө айл өрх, албан газар гэж хоёр өөр үнэ бий. Энэ хоёр үнийг дундажлаад 1квт-ыг 74 төгрөгөөр өгч байгаа. Тэгэхээр цахилгаан станц үндсэндээ 300 төгрөгийн алдагдал үүрч ажиллаж байна гэсэн үг. Мөн нэг калор дулааныг 115 мянган төгрөгөөр үйлдвэрлэн гаргадаг. Борлуулж байгаа бүтээгдэхүүнтэйгээ харьцуулаад үзэхээр нэг калор дулааныг 30 мянган төгрөгөөр борлуулж байна. Үндсэндээ дөрөв дахин бага үнээр борлуулдаг. Станцын ажиллах боломж нөхцлийг боомилж байгаа асуудал бол ердөө л энэ. Нэгэнт төрийн өмчит хувьцаат компани учраас ард иргэдэд ачаалал нэмэгдүүлэхгүй байх зорилгоор энэ алдагдлыг төр хариуцдаг. Ийм учир төрөөс алдагдлыг нөхөх зориулалттай татаас авдаг. Даланзадгад дулааны цахилгаан станц хэвийн ажил явуулахад жилд 5.2 тэрбум төгрөг шаардлагатай” хэмээн ярьж байсан.
Мөн тэрбээр станц нь зээлийн хөрөнгөөр баригдсан учраас зээл, зээлийн хүү 1.5 тэрбум төгрөгийн өртэй. Түүнээс гадна “Таван толгой” ХК, Нийгмийн даатгал, Татварын хэлтэс зэрэг байгууллагад чамгүй өртэй. Төрийн байгууллага гэдэг утгаараа бүх өрүүд цаасан дээр бичигдээд яваад байдаг учраас Даланзадгад дулааны цахилгаан станц хэвийн ажилладаг гэж байсан. Тэгэхээр цаасан дээр дүүрэн өртэй станцын дарга ийнхүү засгийн даалгавраар ажлаасаа чөлөөлөгдөж байна.
Ер нь бол уул уурхайн салбарын идэвхижилтэй холбоотойгоор Өмнөговийн цахилгаан станцын чадавхийг нэмэгдүүлэх шаардлага ихээхэн байгаа талаар тус станцын эрхмүүд хэлдэг юм. Станцын Ашиглалтын албаны дарга Г.Мөнх-Амгалан “10 гаруй жил зогсолтгүй ажилласан техник тоноглолтой учир байнгын тасралтгүй эрчим хүч, дулаан түгээнэ гэдэг харагдахгүй байгаа юм. Гэхдээ яахав манай ажилчид техник технологийнхоо сайн мууг бүтэн 10 жил үзчихсэн юм болохоор тэр нь ингэж эвдэрдэг ингээд засчихна гэсэн өөрийн арга барилтай болчихсон болохоор өвөлжилтийн бэлтгэл, зуны засвар үйлчилгээ гээд график гаргаад мөрдөөд явж байна. Өнгөрсөн жилээс сургамж аваад станцаас дулаан түгээх төв гэж тусдаа байгууллага байгуулаад бүх шугамаа солих ажил хийж эхэлсэн. Өвөлдөө дулааны шугамын хөлдөлтөөс бүрэн сэргийлж чадна... Сүүлийн гурван жилд Даланзадгад хотын хүн ам хоёр дахин нэмэгдлээ. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд 70 мянга гарчихлаа гэсэн. Үүнийг дагаад ч сүүлийн нэг жил эрчим хүчний үйлдвэрлэл өсч байна. Гэтэл хагас жилийн байдлаар 1300квт эрчим хvч хэрэглэх техникийн нөхцөл олгочихсон. Хувь хүн компаниуд тэнд ийм барилга байгууламж барих гэсэн юм аа гээд эрчим хүч, дулааны нөхцөлөө авах гэхэд станцын хүчин чадал хүрэхгvй болох аюул ирээд байдаг” хэмээн ярьсан байгаа.
Тэгэхээр төрийн мэдлийн станцын үйл ажиллагааг сайжруулахын тулд төрөөс хийх ёстой зүйл цөөнгүй бий нь харагдаж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ