
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, тус комиссын ажлын албаны дарга Г.Золжаргал нар өнөөдөр Үндэстний цөөнхийн талаар мэдээлэл хийлээ.
Тус хорооноос энэ сарын 4-10-ны өдрүүдэд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Хөвсгөл аймагт зохион явуулсан бөгөөд энэ өдрүүдэд Улаан-Уул, Цагааннуур суманд ажиллаж, үндэстний цөөнх болсон цаатан иргэдийн нийгмийн хамгааллын асуудалд анхаарлаа хандуулжээ. Тэд МУ-ын Ерөнхийлөгчийн Үндэстний цөөнхөд зориулан гаргасан Зарлигийн хэрэгжилтийн байдалд тандалт хийж, иргэдийг мэдээллээр хангах, мөн дээрх сумдад байрлах ХХЕГ-ын харьяа хилийн цэргийн анги, заставын ажилтан, алба хаагчдад хүний эрхийн сургалт зохион байгуулсан аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Цаатан иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, үндэсний цөөнхийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллахыг үүрэг болгосон Зарлигийг гаргасан.
Харин Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь 2003 оноос эхлэн "Үндэстний цөөнх цаатан иргэдийн эрхийн хэрэгжилт”-ийн асуудлаар судалгаа явуулсны дүнд цаатан иргэд эрх, эрх чөлөөгөө бусдын адил эдлэх, соёл уламжлалаа хадгалж үлдэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн тодорхой үйл ажиллагааг шат дараалан авч хэрэгжүүлж ирсэн гэнэ.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул суманд буюу баруун зүүн тайгад 257 иргэн оршин сууж байгаа аж. Үндэстний цөөнх болсон цаатан иргэд нь Уйгар угсааны Туха буюу Тува үндэстэн бөгөөд төрөлх хэл нь Тува. Тэдний амьжиргааны гол эх үүсвэр болсон цаа буга 201 оны үед 600 орчим байсан бол өнөөдрийн байдлаар 1300 гаруй болон нэмэгдсэн. Үндэстний цөөнхийн хувьд хэл соёлоо хадгалах, амьжиргааны төвшинг сайжруулах, нийгмийн хамгаалалд хамрагдах зэргээр нилээдгүй асуудал бий. Тиймээс цаатан иргэдийг бүртгэлд хамруулж, иргэний үнэмлэх олгуулах замаар нийгмийн халамж, үйлчилгээ авах, сонгуульд оролцож саналаа өгөх бололцоог бүрдүүлсэн аж. Түүнчлэн "Тува хэлний хөтөлбөр"-ийг БСШУЯ-аар батлуулж, Цагааннуур сумын найман жилийн сургуулийн номын санг шинэчиллээ.
Мөн Засгийн газрын хөтөлбөрийг батлуулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож ажилласны дүнд цаатан хүүхдүүдэд боловсрол олгох, их дээд сургуульд суралцуулах асуудлыг БСШУЯ-тай хамтран зохион байгуулжээ.
Энэ хугацаанд ХЭҮК-оос үндэсний цөөнхийн асуудлаар таван удаа судалгааны ажлыг хийж, боловсрол, эх хэлээ хамгаалах чиглэлд түлхүү анхааран ажиллаж, "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх” илтгэлд тусгай бүлэг болгон гурвантаа оруулж, зөвлөмжийг хэрэгжүүлэх УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоол гаргуулсан аж.



П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ