Манай иргэд Турк улсад 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрх эдэлж ирсэн бол удахгүй хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог болно. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаны манай оронд хийсэн албан ёсны айлчлалын үеэр энэ талаар хөндөн хэлэлцэж, Туркийн иргэдийг Монгол Улсад визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх зарчмын шийдвэр гаргаснаа Н.Алтанхуяг мэдэгдсэн юм.
Харилцан адил байх зарчмын дагуу иргэдээ визгүй зорчуулах саналыг Туркийн талаас тавьж, өмнө нь энэ асуудлыг төр засгийн түвшинд олон удаа хөндөж байсан билээ. Өнө эртний түүхийн хэлхээ холбоотой, соёл нэгт Туркийг монголчуудад илүү нээлттэй болгохоор манай улсын иргэдийг аялал жуулчлалын шугамаар тус улсад 2007 оноос 30 хоногийн хугацаатай визгүй зорчуулж эхэлсэн. 2012 оны статистик мэдээнээс үзэхэд манай улсаас Туркт 6500 иргэн зорчсон бол Туркаас Монголд 660 орчим иргэн л аялжээ.
Турк улсын иргэд манай оронд визгүй зорчдог болбол хоёр улсын хоорондох аялал жуулчлалын болон худалдааны салбар эрчимтэй хөгжинө.Монгол Улс иргэдийг нь визгүй зорчуулбал аялал жуулчлалын урсгалыг дэмжсэн агаарын тээврийн хамтын ажиллагаагч идэвхжүүлэх боломжтойг Туркийн тал санал болгожээ.
Д.Цэцэг