
Сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд химийн хог хаягдал, булшлах, хадгалахтай холбоотой маргаан, мэдээ мэдээлэл нилээдгүй гарах болсон. Тэгвэл хамгийн сүүлд Химийн хортой аюултай бодис устгах байгууламжийг Багахангай дүүрэгт барих талаар яригдаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн энэ сарын эхээр тус дүүрэгт магнийн исэл гэгч бодисыг “Тамбовын цэргийн химичид” ТББ-ынхан тус дүүргийн орхигдсон орос цэргийн ангийн хашаанд байрлуулсан аж. Гэтэл үүнийг дүүргийн ард иргэд эсэргүүцэж, ундны цэвэр усны нөөцтэй, хүн амынх нь тоо эрчимтэй нэмэгдэж ирээдүйд аж үйлдвэрийн бүс нутаг болох хэтийн төлөвтэй дүүргээ бохирдуулахгүй байхын төлөө тэмцэж буй.
Харин энэ талаар өнөөдөр “Тамбов цэргийн химичид” ТББ-аас өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар болон Багахангай дүүрэгт химийн хог хаягдал хадгалалтанд авсан асуудлаар мэдээлэл хийлээ.
“Тамбов цэргийн химичид” ТББ нь 1980-аад онд ЗХУ-ын Тамбовын сургуульд суралцаж, монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдсэн химичдээс бүрдсэн гэнэ. Тэд монгол орны хаана ч тэр цацраг идэвхит бодис алдагдах, голомтот халдвар үед биечлэн оролцож ард иргэдийг аюулгүй болгох үйл ажиллагааг явуулж ирсэн. Улмаар монгол улсын хэмжээнд химийн хортой хог хаягдал, цацраг идвэхит бодисыг аюулгүйгээр хадгалах, устгах, саармагжуулах зэрэг асуудлыг мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгөх, өөрсдөө гар бие оролцон шийдвэрлэхгүй бол ард иргэдийн эрүүл мэнд амь насанд аюул учруулж болзошгүй хэмээн үзсэн аж.
Тиймээс цацраг, химийн хорт болон аюултай бодисын аюул, хөнөөл болон бактериологийн (биологийн) хэрэгслийн тархалт, хүн, амьтан, ХАА-н таримал ургамал, газар нутаг, эд хөрөнгийг хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар төрөөс баримтлах бодлогыг дэмжиж ажиллаж байна. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургалт сурталчилгаа явуулах, судалгаа шинжилгээ хийж санал дүгнэлт гаргах, эрсдлийн үнэлгээ хийх, ном гарын авлага, зөвлөмж гаргаж сурталчлах зорилготой аж.

Цацраг, химийн хорт болон аюултай бодис хэрэглэж үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагад гарсан ослыг арилгах, хөнөөлийн голомтыг аюулгүй болгох, аврах, сэргээн босгох болон химийн хортой хог хаягдлыг устгах, булшлах ажиллагаанд оролцох зорилгоор 2010 оноос эхлэн холбогдох албаныхантай хамтран ажилласан байна. Энэ хүрээнд Багахангай дүүрэгт орхигдсон орос цэргийн анги байрыг ашиглан магнийн исэл гэгч бодисыг хадгалсан. Учир нь уг бодис нь иргэд аж ахуйн нэгжид байснаар хадгалалтын горим алдвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Тус ангид химийн хорт болон аюултай бодисыг байршуулж, улмаар саармагжуулах, устгах арга хэмжээг авна. Устгах, булах асуудал тусдаазохиох мэргэжлийн үйл ажиллагаа явуулах байгууламжид хийгдэх тул тус дүүрэгт аюул учруулах асуудал биш гэдгийг дахин сануулья. Хамгийн гол нь хараа хяналттай байлгаснаар иргэдэд хор учруулахгүй гэсэн үүднээс ийнхүү байршуулсан. Тус дүүргийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчөөгүй. Цэвэр усны нөөцийн байгууламжаас тогтоосон хэмжээнээс хэд дахин хол газар байршуулсан.
Түүнчлэн энэ үеэр “Тамбов цэргийн химичид” ТББ-ынхан тус түүргийн Засаг дарга байсан одоо ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон н.Батнасан даргын үед ч энэ асуудлыг ярьж, албан ёсны зөвшөөрөл авсан. ИХЕГ, БХЯ, тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр нарын албан ёсны зөвшөөрөл, баримт бичиг үйлдэж байсныг н.Батнасан дарга огт дурсахгүй байна. Харин ч бүр одоогийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл даргын эсрэг улс төржсөн алхамууд, үг хэл гаргаж байгаад маш их гайхаж байна. Бид зөвхөн ард иргэдийнхээ сайн сайхны төлөө энэ бүхнийг зүрх сэтгэлийнхээ дуудлагаар хийж байна гэв.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ