
Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс өнөөдөр “Эзэнгүй ойн түймэр ихэслээ, УИХ-ын гишүүд ч түймэр тавьдаг боллоо” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Монголын байгаль орчны иргэний зөвлөл“ ТББ-ын тэргүүн Д.Ганболд, тус зөвлөлийн УЗ-ын гишүүн З.Болдбаатар, гишүүн Б.Батбаяр, Батсүмбэр сум дундын Ойн ангийн дарга Ш.Цолмонбаяр нар хийлээ.
Тэдний хэлж байгаагаар УИХ-ын гишүүн Нямаагийн энхболд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт гал түймэр тавьсан хариуцлагаа одоо болтол хүлээлгээгүй явна. Учир нь тухайн үеийн УИХ-ын дэд даргын хэргийг хууль хяналтын байгууллагууд хаацайлж, шалгасан нэртэй болоод хэргийг орхисон. Н.Энхболд гишүүний багийн тавьсан түймэр Сар гаруй үргэлжилж 5685 га талбайг хамарч 1200 га талбай цаашид мод ургах боломжгүй болгосон түймрийн бодит хохирол нь 33 тэрбум төгрөг байтал энэ нь шат шатны дарга дээр очиж танагдсаар 50-53 сая төгрөг болсон ч одоог хүртэл эцэслэн шйидэгдээгүй байна.
Хэргийг сануулбал, 2010 оны есдүгээр сард халамцуу анд явж байсан УИХ-ын гишүүн Н.Энхболд, Батсүмбэр сумын засаг дарга Д.Ганбаяр тэргүүтэй нөхдүүд гурван жийп машинтай аялж явахад ой хамгаалагч таарч, та нар түймэр тавьчихлаа утаа суунаглаад байна гэхэд энгэр газрын жижиг гал өөрөө унтарчихдаг юм гээд явсан аж. Тухайн үед УИХ-ын гишүүний баг түймэр тавьсан гэдгийг гэрчлэх 100 гаруй гэрчийн мэдүүлэг ч байгаа.
Байгаль орчноо ой хээрийн түймрээр сүйдэлсэн иргэнийг хуулиар бол ял эдлүүлдэг. Харин энэ хууль УИХ-ын гишүүнд үйлчилсэнгүй. Н.Энхболд гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэх нь бүү хэл гэнэт нэг өдөр цагдаагийнхэн мэдүүлэх авахаа зогсоож, одоо Төв аймгийн прокурор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Гал 2010 оны есдүгээр сард гарсан ч 2011 оны нэгдүгээр сарын 5-нд аймгийн ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, тэргүүн дэслэгч н.Энхтөр гэгч акт тогтоохдоо түймэр тавьсан эзэн холбогдогч тогтоогдоогүй, ойд зөвшөөрөлгүй зорчигчдын буруутай үйл ажиллагаанаас болж гал гарчээ гэж тодотгосон байхыг харсан. Хохирлын акт үйлдэхэд Б.Батбаяр гэх сум дундын ойн ангийн дарга н.Батбаяр оролцжээ. Түүнийг аймгийн ОБГ-ын дарга н.Ганбат, сумын засаг дарга Д.Ганбаяр нар хохирлыг бууруулж бич гэж дарамталдаг байсан аж.
Тиймээс 100 гаруй гэрчийн мэдүүлэгтэй, тухайн үеийн ИТХ-ын 70 хүний өмнө хэлсэн засаг даргын хэргийг нууя гэсэн үгтэй хэргийн учгыг монголын байгаль орчны иргэний зөвлөл тайлахыг хүсч байна. Тэд АТГ, УПЕГ, ЦЕГ, ОБЕГ-т УИХ-ын гишүүн Н.Энхболд, Батсүмбэр сумын засаг дарга байсан Д.Ганбаяр нарт хуулийн дагуу хариуцлага тооцох шаардлага хүргүүлж байна. Ойн түймэр их байгаа энэ үед УИХ-ын гишүүн хүртэл түймэр тавьчихаад байхад хариуцлага тооцох ёстой хэмээн мэдэгдлээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ