
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан Хөдөө аж ахуйн газрын эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцох нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордны “А” танхимд зохион байгуулна. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Гарамгайбаатар нар нээх юм.
Мөн “Бэлчээрийн газрын харилцааны асуудлыг боловсронгуй болгох асуудал” сэдвээр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Бэлчээрийн даацыг тохируулах арга замууд” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор С.Жигжидсүрэн, “Бэлчээрийн нөөц ашиглах уламжлал, цаашид баримтлах бодлогын зарим асуудлууд” сэдвээр Шинжлэх ухааны доктор С.Цэрэндаш, “Газрын тухай хуулийн төсөлд бэлчээрийн харилцааг зохицуулах талаар тусгагдсан заалтууд, тэдгээрийн практик ач холбогдол” сэдвээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэлтсийн дарга Б.Биньеэ, “Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын зохицуулалтын талаарх санал” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны доктор, Монгол Улсын Гавьяат агрономч Г.Даваадорж нар илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ