Ахынх ерээд оны эхээр Улаанбаатарт нүүж ирэв. Тэр үеийн хэллэгээр төвд татагдаж ирсэн болохоор эхнэр, нөхөр хоёрыг иргэний паспорт дээр нь нийслэлийн иргэнээр саадгүй бүртгэж, хүүхдүүд нь ч сургууль, цэцэрлэгт оржээ. Байрнаасаа хөдөлсөн чулуу дөрвөн жил тогтдоггүй гэгчээр айлын хажуу өрөө дамжиж нүүсээр арайхийж нэг хашаатай болов. Хадам хөгшнийгөө нутгаас нь нүүлгэн авчирч, удалгүй хамаатных нь айл нэг л өдөр аймгаас ачаалаад ирлээ. Ингээд эднийхийг бараадаж, энэ хашаанд гурван айлын арав гаруй хүн хотын иргэн болох нь тэр. Тэгэхэд хотод шилжин суурьшихад 40 мянган төгрөг төлдөг байсан юм. Энэ бол төвд тэмүүлсэн их нүүдлийн нэгээхэн жишээ. 1990 оноос эхлээд гурван жилийн дотор хөдөөнөөс 70 мянган хүн Улаанбаатарт шилжиж ирсэн байдаг. Харин 2000 он гартал нэлээд саарч, түүнээс хойш жилд 60 мянгад хүрчээ. Нэгэнт эхэлсэн их нүүдэл суудалгүй шахам үргэлжилж Улаанбаатар улам бүр тулгамдсан асуудалдаа дарагдсаар байна. Уулын мухраас сумын төв, сумаас аймаг, аймгаас хот бараадаж амьжиргаа хөөсөн хүмүүсийн нүүдэл. Арчаагаа алдсан нь ч бас нүүдэл дагадаг.
.
Харин хөдөө эзгүйрч байна. Увс аймгийн Зүүнговь сумын хойд талын Туватай хиллэдэг нутаг чухам хүн, малын жаргалын орон. Гэтэл малын хулгай тасрахгүй. Гэрийнх нь гаднаас түгжээд хотноос нь мал туугаад явчих, хойноос нь эрэл сурал болохоор өөдөөс буу тавих энүүхэнд. Малаа манаж, жилийн дөрвөн улиралд дээлтэй хонолтой биш. Аль чадалтай бүлтэй айлууд малаа туугаад Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн сумдад суурьшиж эхлэв. Нэгэнт суурьшсаныгаа дагаад нэг хэсэг айл нүүж ирнэ. Хар нутаг сахиж хоцорсон ядруухан нэг нь арга буюу нутгийн гүн руу суудаллана. Зүүн бүсийн аймгууд хүн ам цөөхөн болохоор байдал арай өөр. Хэнтий аймгийн Баянхутаг сум гэхэд хоёр мянга шахам хүнтэй, сумын дунд сургууль 100 гаруйхан хүүхэдтэй. Аймгийн төвөөс 22 км-ийн зайтай суманд сурагчдын дотуур байр байхгүй, малчдын хүүхдүүд Өндөрхаанд очиж сургуульд сууна. Хань болох настай хүнгүй бол эцэг эхийн нэг нь дөрвөн ханатай жижиг гэр бариад өвөлжинө. Бүр суурьших нь ч цөөнгүй. Ингээд өндөр хүчдэлтэй, сургуультай, эмнэлэгтэй сум эл хуль болж эхэлж байгаа юм.
.
Монгол Улс 2,8 сая хүн амтай, 21 аймаг, 366 сумтай. 2011 онд Бор-Өндөрийн уурхайн хотхоныг тусад нь гаргасан Хэнтийн Дархан сум буйран дээрээ 1500 хүнтэй үлдэж байлаа. Гэтэл нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн хүн ам багтаж шингэхээ байгаад шинээр хороод байгуулав. Шинэ хороо юун сум, бараг аймгийн төвийн оршин суугчдын дайтай. Арга ч үгүй биз. Зүүн зүгээс шилжин ирэгсэд Баянзүрхэд, баруунтайгаас ирэгсэд Сонгинохайрханд шингэж байгаа юм чинь. Хууль журамгүй нүүдэлчид хогийн цэг, үерийн далан, өндөр хүчдэлийн шугамын дор очоод дураараа буучихсаныг эрхэм гишүүд, УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшигсэд өөгшүүлдэг. Одоо аль аль талын далимдуулдаг цаг. Нэг нь нэг ч гэсэн сонгогчийн санал чангаах гэж “задгай” гудамжинд найр тавьж, нөгөөдөх нь задгайгаа битүүлчих санаатай газрын зөвшөөрлөөр ам алдуулна. Сонгуулийн маргааш усанд үйсэн ч, галд шатсан ч хамаа байхгүй. УИХ-ын чуулганы танхимаас Улаанбаатарын утаа хэмээн том том дуугардаг нь угтаа эндээс эхтэй.
.
2000 онд Улаанбаатарын нэг ам. км газарт 162 хүн байсан бол өнөөдөр 246 болж, харин хөдөө орон нутагт дөнгөж 1,7 хүн ногдож байна. Хотын хүн ам геометрийн прогрессоор суга өссөөр. Уг нь улс орныг хот, хөдөөгүй жигд хөгжүүлэхэд хүн амын хөгжлийн зохистой нягтшил ёсоор нэг ам. км-т дор хаяж арав, түүнээс дээш хүнтэй байж хөгждөг дэлхий нийтийн жишиг бий. Манайх хүн ам цөөхөн, газар нутаг өргөн уудам мөртлөө дөрвөн уулын дунд тал хувийг нь шавуулчихаад хогондоо дарагдаж, утаандаа бүтэж үхэх гээд сууж баймааргүйсэн. Улаанбаатарт байгаа 80 гаруй их, дээд сургуульд 170 мянга орчим оюутан суралцаж байна. Сургуулиудыг төрөлжүүлэн нэгтгэж, хотоос гадагш 150 мянган хүнтэй оюутны нэгдсэн хотхон байгуулахаар Налайхын Шивээт, Багануур, Хөшигт, Хоолтын хөндий гэсэн дөрвөн газарт харьцуулсан судалгаа хийсний үндсэн дээр Багануур дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүрмэнтийн хөндийг сонгосон билээ. Энд төрийн өмчийн таван их сургуулиас гадна ШУА-ийн хүрээлэнгүүд, мэдээлэл технологийн компаниуд байрлахаар төлөвлөсөн юм. Одоогоор ерөнхий төлөвлөгөөнд 229 сая төгрөг нэгэнт зарцуулж дууссан ч шав ч тавиагүй цаасан дээр л мөртэй байна. Энэ мэтчилэн Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын сураг ч алдрав. 2011 оны сүүлчээр ҮАБЗ, ЗТБХБЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагын эрх мэдэлтнүүд багтсан ажлын хэсэг Тэрэлж, Гачуурт, Багануур, Налайх, Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаар явж, нийслэлийн шинэ суурьшлын бүсийн газар сонгох гээд ганзага хоосон ирсэн билээ.
.
Ерөөсөө дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй байна. Их нүүдэл газар авч, байршилтын тэнцвэргүй байдал улам үүссээр байна. Аль 2005 онд академич Б.Чадраагийн тэргүүлсэн эрдэмтдийн боловсруулж, УИХ-аас баталсан дөрвөн бүсийн төвд түшиглэсэн дөрвөн аймаг, 30 шахам хот, 60-аад хошуутай байхаар тогтоосон нэг төсөл, тэр үеийн Засгийн газрын гишүүн Н.Батбаярын ахалсан хуульчдын багийн дөрвөн аймаг, 68 хошуу, одоогийн сумдыг хэвээр үлдээсэн өөр нэг төсөл хоёулаа замхарсан. Тухайн үед яагаад заавал дөрвөн аймагтай байхаар тусгасан бэ гэхээр эдийн засгийн хувьд хэмнэлт гаргаж аймгуудыг цөөлөх, малын бэлчээр, отрын нутгийг бодолцож хангай, говь, тал хээр хосолсон нутаг дэвсгэртэй байхаар тооцоолжээ. Хоёр мянга хүрэхгүй хүнтэй нэг сумыг эрчим хүчээр хангахын тулд 400-500 сая төгрөг зарцуулж, бараг бүхэлд нь цахилгаанжуулсан. Харин тэр өртгөө нөхөхийн тулд хоёр зуун жил шаардагдана гэсэн тооцоо гарч байлаа. Эдгээр нь эрхэм гишүүдийн тойрогтоо нэр нүүр олох гэсэн жалга довын аминчхан үзлээс ихэнхдээ үүдэлтэй. 2000 онд Өвөрхангайн Баян-Өндөрт өндөр хүчдэлийн шугамыг ашиглалтад хүлээн авч тууз хайчлах үед тус сум Японы хоёр шинэ “Кубота” дизель мотортой, нарны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байхад зэргэлдээ Гучин-Ус сум юу ч байхгүй таг харанхуй байсан. Учир нь УИХ-ын эрхэм гишүүн Д.Лүндээжанцан Баян-Өндөрийн уугуул тул тэнд дандаа өдөр, Гучин-Уст харин шөнө болдог байжээ.
.
Өнөөгийн нөхцөлд жижиг сумдыг нэгтгэх хэрэгтэй. Өмнөх төрийн түшээд тойрогтоо тал тохой татаж зүрх алдаад байсан юм бол можаритор системээр намын нэрээр гарч ирэх гишүүд санаачлан хэрэгжүүлж үлгэр жишээ үзүүлбэл зохино. Улаанбаатарт татагдсан шилжилт хөдөлгөөнийг төрийн төмөр нүүрээр эрс хязгаарлах цаг болжээ. Нийслэлийн иргэнийг зохих татвартай болгож, хөдөөд шилжигсдэд ашигтай газар, мал олгож, суурьшихад нь дэмжлэг болгон хөнгөлөлттэй зээл олгоход болохгүй гэх газаргүй. Өрхийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд тэднийг хамгийн түрүүнд анхааралдаа авъя. Бэлээхэн газар нь байгаа аймаг, сумын төвд 100 мянган айлын орон сууцнаас эхний ээлжинд аль болох түлхүү барья. Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө малчдад хэтэрхий дулдуйдгаа болимоор. Ноос, ноолуурын урамшууллыг хамгийн ихээр хүсээд байгаа мянгат малчид бэлчээр нутгийн ихэнхийг эзэмшиж, мал, махны үнийг бензин импортлогчид лугаа үгсэн хуйвалдаж үнэ буулгахгүй байна. Тэд гар дээрээ мөнгөтэй учраас нөөцийн мах бэлтгэлд мал нийлүүлэх сонирхолгүй, хотод мах үнэтэй л бол магнай нь тэнийдэг. Иймээс хөөрхий хөдөөнийхөн гэж толгойг нь илээд л байвал хойноос ирээд хот минийх болдог. Тогтвор суурьшилгүй, тодорхой хаяггүй хот, хөдөөд завсардсан асман банди нар гэмт хэргийн ихэнхийг үйлдэж байгаа нь нууц биш. Социализмын үеийн хатуу захиргаадалтын дор Монголын цөөн бус сумын хүн амын багагүй хувь нь худ ургийн холбоотой, оюуны хомсдолтой хүүхдүүд төрөх магадлалтайг судлаачид олон жилийн өмнө сэрэмжлүүлж байсан бол өдгөө уяанаасаа алдуурснаас ялгаагүй болжээ.
.
Харин монголчуудын ирээдүйн нутагшилт нь зам дагасан төлөвтэй болж байна. Улаанбаатар-Арвайхээрийн 400 гаруй км замын дагуух байдлыг ерээд оны дунд үетэй харьцуулахад гэр хоолны газар нь байшингаар, ТҮЦ нь дэлгүүрээр солигдож, цахилгаан хангамж, ШТС, авто засварын цэг, зочид буудал бүхий дэд бүтэцтэй суурин газруудтай болжээ. Нэг ам. км-т 2-5 хүн байсан бол 8,5 болж, хүн амын нягтшил зам даган тосгонжих шинж оров. 2000-2003 онд УИХ-аас Монгол Улсын дэд бүтцийн хөндлөн гол тэнхлэг-Мянганы зам болон дэд бүтцийн босоо таван тэнхлэгийн чиглэлийг тогтоож, “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан, бүсийн тулгуур төв хотуудыг тодорхойлсон. Гэсэн хэдий ч улс орны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсон, ард иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүн амын нутагшил суурьшилтай холбоотой асуудлуудыг цогцоор нь авч үзсэн бодлогын баримт бичгийг боловсруулж батлах хэрэгцээ шаардлага тулгамдаж байгаа юм. Энэ бол Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл билээ.
.
Эцэст нь тэмдэглэхэд Улаанбаатарын хүн ам өсөх механик шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, улмаар төвлөрлийг сааруулснаар мэдээж утаа, хог багасна, гэмт хэрэг буурна, нийтийн тээврийн ачаалал хөнгөрнө, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийнхэн ажилдаа түүртэхгүй, нөөцийн мах ихээр бэлтгэх шаардлагагүй зэрэг наад захын эерэг зөндөө үр дагавар гарна. Цаашилбал орон нутгийг хөгжүүлэх, нутаг усаа эзэнтэй байлгах төрийн бодлого дөрвөн уулын дунд эргэлдээд байхгүй биз ээ. Хоноц хоноцоо таалахгүй, хотынхон хоёуланг нь таалахгүй болжээ.
.
Г.Болор