Төмөр зам тойрсон салаа бодлууд
Нэг. Юлий Цезарийн тэргэнцрээс бух тэрэг хүртэл
.
М.Энхсайханыг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын суудлаас огцруулснаас хойш төмөр замыг тойрсон асуудал бүх нийтийн анхаарлыг татах боллоо. Явсаар байгаад түүхий эдээ боловсруулаад нэмүү өртөг эх орондоо бий болгохын тулд төмөр замыг өргөн царигаар барьж зүүн тийшээ явуулах хэрэгтэй гэсэн хэсэг нь “эх оронч” үзэлтэнгүүд болж харагдаад, нарийнаар бариад шууд урд хөрштөйгөө холбоно гэсэн хүмүүс нь нөгөө эдийн засгийн алуурчдын гар хөл бологчид болж хувирч орхилоо. Их Хурлаар батлагдсан бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэх нэг том хүч байдаг, Наад бодлого чинь буруу байна, үүнийгээ эхлээд харж үзэх хэрэгтэй гэдэг өөр нэгэн хэсэг хүмүүс байна. Эдгээр хүмүүсийг нэгтгэж байгаа ганцхан ухагдахуун байна. . Маргалдаж байгаа сэдэв нь бол үнэндээ царигийн тухай биш, төмөр замын чиглэлийн тухай биш. Энэ нь Монгол улсын хөгжлийн тухай асуудал. Гэхдээ төмөр замын асуудлыг уул уурхайн бүтээгдэхүүний маркетинг, уул уурхайгаас орж ирэх орлого гэх мэт асуудлуудтай хольж хутгаж, зарим асуудлаар эрх баригчид санаатай юу, санамсаргүй юу худал мэдээлэл өгч, хүмүүсийн бодлыг өөртөө татах бодлого явуулж байгаа нь энэхүү сэдвийг улам ээдрээтэй болгож орхижээ. . I. Цариг гэж юу вэ?
Маш хялбархан. Энэ нь хоёр зам төмрийн дээд хэсгийн хоорондын зай. Бид 1435 мм цариг, үүнийгээ бид Хятадынх гэж нэрлээд, 1520 мм царигаа Оросынх гэж нэрлээд л явж байна. Дэлхий дээр маш олон цариг байдаг. Царигийн ангилаар нь задлавал 1435 мм бага нь нарийн, 1435 мм нь стандарт, 1520 мм орос, түүнээс дээш нь өргөн цариг гэж хуваадаг.Хамгийн их хэрэг хэрэглэгддэг нь бол 1435 мм стандарт,1520 мм Оросын царигууд юм.
Энэ зургаас харахад бүх хөгжсөн орнууд стандарт цариг хэрэглэдэг. Оросын цариг бол хуучин ЗХУ-ын орнууд, Финлянди, Монголд байдаг. Газарзүйн тархацыг харвал аль аль нь маш их зай эзэлдэг, тэгээд ч энэхүү царигийн зөрүүний 85 мм асуудал бол хэвээр байх нь дамжиггүй. Яагаад ийм зөрүү үүсэв?
Англид анх төмөр зам үүсэхдээ зохиогч нар нь 1435 мм царигийг сонгож авсан. Энэ тухай маш олон тайлбар байдаг.
.
Хамгийн хялбар нь бол Юлий Цезарь Ромын тэргэнцрийн дугуйнуудын хоорондын зайг энэ хэмжээгээр тогтоож нэг үгээр хэлбэл стандарт тогтоосон гэдэг. Тэгээд төмөр дугуйнууд нь зам дээр ховил гаргаж, өдөржин шөнөжин тээвэр хийх бололцоог бүрдүүлсэн гэдэг.
Ингээд анхны төмөр зам, хөдлөх бүрэлдэхүүн, зүтгүүрүүд нь энэ хэмжээгээр баригдаж үйлдвэрлэгдэж эхэлсэн. Энэ технологийг хүлээж авсан орнууд нь ийм царигтай төмөр замтай болсон. Гэхдээ тэр үед төмөр замыг өргөн барихад даац, тээвэрлэх чадвар, тогтвортой байдал нь нэмэгдэх боломжтой гэсэн үзлээр маш олон инженерүүд царигийг өргөн болгох оролдлого хийсэн. Үүний үр дүн нь 1520 мм цариг гэдэг. Дайны талбар болсон XIX зууны дунд үед царигийг зөрүүлэх нь байлдааны ач холбогдолтой байсан гэж ихэнх судлаачид үздэг. Энэ бол өөрөө маш сонирхолтой сэдэв, гэхдээ ингээд цэглэе.
.
II. 1435/1520 тухай асуудал
Энэ хоёр цариг уулзаж байгаа газар энэ нь том асуудлыг бий болгодог. Шилжүүлэн ачих, тэргэнцэрийн дугуй солих гэх мэт. Үндсэндээ өнгөрсөн үеэс өвлөж авсан толгойны өвчин. За тэгвэл энэ царигийн угталцах цэгүүд дээр оршдог орнууд энэ асуудлыг яаж шийдэж байна.
.
Финлянд
Оросын эзэнт улсын нэг хэсэг байсан. Ийм учир 1524 мм төмөр замтай. Энэ нь Оросын анх барьсан стандарт. Орос улс нь яваандаа царигаа багасгаад 1520 мм болгосон.
Ногооноор зорчигч/ ачаа тээврийн шугам, улаанаар зөвхөн ачаа тээврийн шугам.
Баруун хөрш буюу Шведь улстай төмөр замаар холбоо байхгүй, ОХУ-тай эдийн засгийн харилцаа өргөн учир Европын холбооны гишүүн, Евростандарт гэх мэт асуудлыг босголгүй анх баригдсан стандартаараа төмөр замаа хөгжүүлсэн.
.
Балтийн орнууд
Латви, Литво болон Эстони улс 1520 мм царигтай. Гэхдээ Европын Холбооны санхүүжилтээр Берлин-Таллин хотын хооронд 950 км 1435 мм царигтай төмөр зам барихаар шийдвэрлээд бэлтгэл ажлууд дууссан. Нэг талаас Оросын экспортыг өөрсдийн боомтоор дамжуулах, нөгөө талаас Европтой интеграцийн асуудлаа гүнзгийрүүлэх.
Гол нь хамтын ажиллагааны ач тусыг хүртсэн, эдийн засгийнхаа ашиг сонирхлыг бодсон зөв бодлого шиг санагдаж байна.
.
Словак
Нийт 3700 км төмөр замаас Ужгород-Ганиска хооронд 88 км 1520 мм царигтай төмөр замтай. Зорилго нь Украйн улсаас Кошице хотын төмрийн үйлдвэрийг төмрийн хүдрээр хангах зорилгоор баригдсан.
.
Вьетнам
Францын колони байхдаа 1000 мм царигтай төмөр зам барьсан. Гэхдээ 1950 оны үед Ханой хотыг БНХАУ-тай холбосон 178 км стандарт царигтай төмөр замтай. Вьетнам улс нь 1980 онд хойд хөрштэй зэвсэгт мөргөлдөөнд орж байсан улс шүү дээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Вермахтын инженерийн ангиуд Брест-Минскийн төмөр замын царигийг 14 хоногийн дотор өөрчилж байсан гэдэг.
За тэгээд хэдхэн жишээн дээрээс харахад өнөөдөр бол царигийн асуудал бол улс төр, үндэсний аюулгүй байдалтай холбоогүй, цэвэр эдийн засгийн асуудал юм гэж авч үзэж болно.
.
Цуврал нийтлэлийн I-р хэсэг
Л.Даваапил
СЭТГЭГДЭЛ БИЧИХ